Цөөн үгээр:
  • Б.Эрхэмбаяр, Л.Сосорбарам нар Абу Дабигийн “Их дуулга”-д барилдана
  • НҮБ-ын Ерөнхий ассамблей: Хэнийг ч үл орхигдуулна
  • Э.Амартүвшин Сан Франциско хотын дуурийн театрт "Бал Маскарад" дуурьд гоцолж байна
Бангкок хотын дээд зэрэглэлийн зочид буудалд зургаан хүн амиа алдсан хэрэг гарчээ.
3 сар өмнө   250
Тайландын нийслэл Бангкок хотын өндөр үнэтэй зочид буудалд гадаадын зургаан иргэн учир битүүлэг шалтгаанаар амиа алдсан хэргийг шалгаж байгаагаа тус улсын цагдаагийн байгууллага өчигдөр мэдээлжээ.
 
Орон нутгийн хэвлэлүүд Grand Hyatt Erawan Bangkok таван одтой зочид буудалд буудалцаан болсон гэж эхлээд мэдээлсэн юм.
 
Харин сүүлд албаныхан үүнийг няцааж, хохирогчдыг хордуулсан байж болзошгүй гэж сэжиглэж байгаагаа мэдээлжээ.
 
Амиа алдсан гурван эрэгтэй, гурван эмэгтэй бүгд Вьетнамын иргэд байсан байна. Тэдний зарим нь АНУ-ын давхар иргэний харьяалалтай байсныг хэргийн газарт биеэр очсон Тайландын ерөнхий сайд Сретта Тависин мэдээлсэн юм.
 
Хохирогчид амиа алдсанаас хойш 24 цагийн дараа уг хэрэг илэрчээ. Цогцсуудад шүүх эмнэлгийн шинжилгээ хийсний дараа үхлийн шалтгаан тодорхой болох гэнэ.
 
Ерөнхий сайд Тависин үүнийг амиа хорлолт биш, аллага гэж үзэж байгаа бөгөөд аллагын зорилго, шалтгаан юу байсныг цагдаа нар мөрдөж тогтоохоор ажиллаж буйг хэлжээ.
 
Нийтдээ долоон хүн буудалд өрөө захиалснаас тав нь өрөөгөө авсан бөгөөд нэг хүн бүртгэлгүй байсныг Бангкокийн цагдаагийн газрын дарга Тити Саенсванг мэдээлсэн байна.
 
Даваа гарагийн 14:00 цагт хохирогчид өрөөндөө ундаа захиалсан бөгөөд ундаанаас сэжигтэй бодис илэрсэн тухай тэр бас мэдээлжээ.
 
Харин тэд захиалсан хоолоо огт хөндөөгүй байсан гэнэ.
 
Хохирогчид Даваа гарагт гарахаар өрөөгөө захиалсан байна.
 
АНУ-ын төрийн департамент “нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж”, хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж буйг тус байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер мэдэгджээ.
 
Тэрбээр хэргийг мөрдөх ажилд туслахад АНУ-ын тал бэлэн байгааг илэрхийлсэн юм.
 
Хэрэг гарсан Grand Hyatt Erawan Bangkok буудал нь Тайландын аялал жуулчлалын гол төвүүдийн нэгд тооцогддог.
 
Ерөнхий сайд Тависин уг хэрэг Тайландын аялал жуулчлалын нэр хүндийг унагахгүй гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
 
Тайланд улс дөнгөж саяхан дэлхийн 93 улсын иргэдийг визгүй нэвтрүүлэх болсноо зарласан юм.
 
 
 
 
 
Эх сурвалж: BBC
Бангкок хотын дээд зэрэглэлийн зочид буудалд зургаан хүн амиа алдсан хэрэг гарчээ.
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0