Нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийслэлийн хэмжээнд хавдрын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчдийн хүлээгдэл, чирэгдлийг бууруулах зорилгоор 2016 онд хавдрын өдрийн хими эмчилгээний нэгжийг шинээр байгуулах ажлыг зохион байгуулсан билээ. Бэлтгэл ажлын хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сургаж дадлагажуулах, шаардлагатай тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчдийн өрөө тасалгааг стандартын дагуу засварлан тохижуулсан юм.
Энэ дагуу 2017 оноос эхлэн нийслэлийн Баянгол, Багануур, Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хавдрын өдрийн хими эмчилгээний нэгжийг нээж, улмаар хавдрын хөнгөвчлөх тусламж, үйлчилгээний орыг нэмэгдүүлсэн байна.
Тухайлбал, 2016 онд дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн хавдрын хөнгөвчлөх эмчилгээний тасагт 39 ор ажиллаж байсан бол, өдгөө 26 ороор нэмэгдүүлэн нийт 65 болгожээ. Энэ хугацаанд давхардсан тоогоор нийт 4860 хүн хэвтэн эмчлүүлсэн байна.
Мөн 2017 оноос дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэгт хавдрын өдрийн хими эмчилгээний нэгжийг ажиллуулж эхэлсэн бөгөөд өдгөө нийслэлийн найман дүүрэгт нийт 24 ор ажиллаж байна. Тус онд нийт 86 хүн хавдрын өдрийн хими эмчилгээнд хамрагдаж байсан бол, 2019 оны эхний есөн сарын байдлаар 281 хүн эмчлүүлээд байна.
Хавдрын өдрийн хими болон хөнгөвчлөх эмчилгээний нэгжид 2015 онд долоон их эмч ажиллаж байсан бол, одоо нийт 15 их эмч ажиллаж байгаа юм.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Нийслэлийн хавдрын тусламж, үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэн ажиллаж байна |
|