Солонгосын онгоцоор ирсэн Туркийн хоёр иргэнээс коронавирусний халдвар илэрчээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдрийн ЭМЯ-ны мэдээллийн үеэр мэдэгдлээ.
Тэрбээр, “Токио-Улаанбатарын онгоцоор ирсэн 25 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Тандалтаар 23 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Гуравдугаар сарын 28-ны Солонгосын онгоцоор Туркийн ЭСЯ-ны ажилтны ар гэрийн 3 хүн ирсэн. Тэдний хоёроос нь халдвар илэрлээ. Ирсэн хүмүүсийг шууд тусгаарлаж, гурав хоногийн дараа шинжилгээ авахад вирус илэрсэн. Ойрын хавьтал 10 хүнийг тусгаарлан хяналт, шинжилгээ хийж байна. Үйлчилсэн ажилтнуудад мөн зөвлөгөө өгч, тусгаарласан" гэв.
Энэ үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхийн улс орнууд COVID-19 халдварын эсрэг ямар арга хэмжээ авч байгааг танилцуулав.
Тэрбээр "АНУ-д өнгөрсөн нэг хоногийн хугацаанд 800 гаруй нас баралт бүртгэгдлээ. Мөн Испани, Их Британи, Франц улсуудад нас баралт өмнөх өдрүүдээс өссөн байна. Итали улсын хойд Ламбарди мужид нас баралт бага багаар буурч байгаа. Харин Их Британид хийгдсэн судалгаагаар Европын 11 улсад хөл хорио тогтоосноор 59 мянган хүн амь насаа алдахаас сэргийлж чадсан хэмээн дүгнэжээ. Дээрх арга хэмжээний үр дүнд вирусийн үржих түвшнийг 64 хувиар бууруулж чадсан гэж дүгнэсэн байна. Уг судалгааг нөхцөл байдалтай уялдуулан үргэлжлүүлнэ гжу мэдээлсэн. Мөн БНСУ-д карантины дэглэм зөрчвөл 3 сая хүртэл воны торгууль ногдуулах бол дөрөвдүгээр сарын 5-наас торгуулийн хэмжээ 10 сая хүртэл вон болгож, эрүүгийн хэрэг үүсгэсэн тохиолдолд нэг жил хүртэл хорих ялаар шийтгэх яг ногдуулахаар болжээ" гэв.
Б.Сайханчимэг
Туркийн хоёр иргэнээс коронавирусний халдвар илэрлээ |
|