Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Аутизмыг таниулах дэлхийн өдөр тохиож байна
5 жил өмнө   724
Сүүлийн жилүүдэд аутизмтай хүүхдүүдийн тоо өсч байгаа хэдий ч дэлхий даяараа өнөөг хүртэл учир шалтгааныг тов тодорхой мэдэхгүй хэвээр л байгаа аж.
 
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар 68 хүүхдийн 1 нь аутизмаар оношлогддог бөгөөд хөвгүүд охидоос 4 дахин их байдаг аж. Аутимзын эмгэгтэй хүмүүсийн тоо өсөх болсон өнөө үед хүн бүр аутизмын тухай мэдээллээ дээшлүүлж, тэднийг ойлгож, хайрлан хамтдаа амьдрах шаардлагатай юм.
 
Чухамдаа аутизмын хүрээний эмгэг /ASD/ нь нийгмийн харилцаа, үгэн болон үгэн бус харилцааны алдагдал, давтагдмал зан үйлийн харилцан адилгүй түвшний хэлбэрээр илэрдэг тархины хөгжлийн нийлмэл эмгэг юм байна. Аутизмтай гэдгийг MRI, эхо, цусны гэх мэт биологийн шинжилгээнүүдээр илэрдэггүй зөвхөн урт удаан хугацааны туршид тухайн хүүхдийн зан төлөв, хандлагыг нь оношилж тогтоодог байна.
 
Аутизм хүүхэд бүрт өөр өөр шинж тэмдэг илэрдэг учраас аутизмын эмгэгийг оношлоход амаргүй аж. Анхны шинж тэмдэг нь 6-8 сартайд ажиглагддаг ч нэг настайгаас нь тодорхой илэрч, 2-3 насанд нь бүрэн оношлогддог байна. Хэдий эрт оношлогдож, багаасаа терапи заслын эмчилгээнд явах тусам хүүхэд төдий чинээ хурдан засал авч сайжирдаг байна.

Ямар шинж тэмдгээр Аутизмын эмгэг илэрч байдгийг онцлоход,хүүхэд хэлд орохгүй байх, өвөрмөц үйлдэл хийх /нүдний булангаар харах, өлмий дээрээ явах/, хүний нүд рүү тогтож харахгүй байх, зөвхөн өөрийн хүссэн зүйлсийг сонирхох, хооллолт хэвийн биш байх /хэт их идэх, эсвэл зөвхөн нэг төрлийн хоол идэх/, нэрээр нь дуудахад харахгүй байх, зарим тохиолдолд олон хүнтэй орчинд тавгүйтэх, давтагдмал хөдөлгөөн хийх /гараа сэгсрэх, дороо эргэх/, өвдөлт бага мэдрэх /бүдэрч унасан ч уйлахгүй байх/, нойрны хямралтай байх гэх мэт шинж тэмдэг ажиглагддаг байна.

Б.Сайханзаяа

Аутизмыг таниулах дэлхийн өдөр тохиож байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0