ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "2020 оны дөрөвдүгээр сарын 19-нд буюу өчигдөр Монгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Сайн мэдээ дуулгахад ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүмүүсээс нэг хүн эдгэрч, дараагийн ажиглалт, хяналтад шилжлээ. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байна. Зарим нь сайжирч байна. Хэд хэдэн хүн уушгины хатгаатай байгаа. Эмч нар онцгой анхаарч хяналт, шинжилгээгээ үргэлжлүүлж байна. Дандаа лабораторийн болон олон төрлийн шинжилгээ хийж, түүнийгээ тэмдэглэдэг.
Халдвар илэрсэн иргэн нь Москвагаас Улаан-Үд хүртэл онгоцоор ирж, Алтанбулагийн боомтоор орж ирсэн, Төмөр замын дээд сургуулийн оюутан.
Өчигдөр хоёр лабораторид нийт 76 хүний шинжилгээ хийгдсэн. Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 55 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор шинжилгээ хийсэн дөрвөн хүнд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүнээс давтан шинжилгээ авахад 16-д нь илрээгүй. Харин нэг хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр 33 дахь тохиолдол бүртгэгдлээ.
Халдвар илэрсэн иргэн нь Москвагаас Улаан-Үд хүртэл онгоцоор ирж, Алтанбулагийн боомтоор орж ирсэн, Төмөр замын дээд сургуулийн оюутан. ОХУ-ын Төмөр замын дээд сургуульд коронавирусийн халдвар гарсан нь олон улсын мэдээгээр гарсан. Явсан зам мөр үнэхээр чухал нь энд батлагдаж байгаа. Тиймээс 30 хүнийг онцлон тусгаарлан шинжилгээ авсан юм. Онгоцонд суухаар битүү орчинд орчихдог. Агаарын солилцоо байхгүй. Нэг хүнтэй оногдоод суучихвал "энэ хүнтэй хамт суухгүй гээд байж болохгүй", түвэгтэй. Тиймээс өндөр зэрэглэлийн N95 амны хаалтыг зүүж явах нь зүйтэй.
ХӨСҮТ-ийн халдварын сэргийлэлт хяналтын багийн эмч нар 21 аймагт хуваарилагдан эрүүл мэндийн байгууллагын ажилтан, эмч нарт хувийн хамгаалалтын хувцсыг өмсөх, дэглэм, зэргээр сургалт явуулж эхэлсэн. Өнгөрсөн амралтын өдрүүдэд ХӨСҮТ болон УОК-ын Шуурхай штаб хамтран Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтод очиж сургалт зохион байгуулан зөвлөгөө өгч бэлтгэл ажлаа үргэлжлүүлэн хангаж байна.
Уханийн буюу Хятадын туршлагаас хэлэхэд нимгэн даавуун бээлийг өмсдөг. Энгийн үед цайвар өнгийн бээлий өмсөөд явдаг. Энэ даавуун бээлийг өмсөөд, оройд нь угаагаад индүүдээд, ариутгаад хэрэглэвэл коронавирусийн халдвараас сэргийлэх боломжтой" гэсэн мэдээллийг өглөө.
Москвагаас ирсэн нэг оюутанд дахин COVID-19 илэрлээ |
|