Сидней-Улаанбаатарын чиглэлийн тусгай нислэгээр өчигдөр ирсэн 262 зорчигчоос хоёр хүнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан талаар тус төвийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэв.
Онгоцоор ирсэн хүмүүсээс сорьж цуглуулах ажил өнөөдөр өглөө эхэлсэн бөгөөд маргаашнаас шинжилгээний хариуг танилцуулах юм.
Харин өнөөдөр 10 хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжиж байна. Тэд цэргийн сургуульд суралцаж байсан болон Алтанбулагийн боомтоор орж ирсэн 18-25 насны оюутнууд юм. Хүйсийн хувьд дөрвөн эмэгтэй, зургаан эрэгтэй оюутан эдгэрчээ.
Ингэснээр манай улсад коронавирусээр халдварласан нийт 194 тохиолдол бүртгэгдсэнээс 85 хүн эдгэрч, 109 хүн эмчлүүлж байна.
ХӨСҮТ-д өчигдөр 20 хүн, Дархан-Уул аймгийн салбар лабораторид 20 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусний халдвар илрээгүй байна. Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан дөрөв, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 15 хүний давтан шинжилгээний хариу халдваргүй гарчээ.
Тусгай нислэгээр ирсэн хоёр иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлажээ |
|