Эрүүл мэндийн яамны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр Монгол Улс “COVID-19” халдварын вакцин авах талаар ямар ажил хийж байгаа талаар сэтгүүлчийн асуултанд хариулсан юм.
“COVID-19” халдвараас хамгаалах вакцины асуудалд анхны 140 гаруй туршилтууд явагдаж эхлэх үеэс л Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ уг асуудалд анхаарал хандуулж эхэлсэн. ДЭМБ, Английн Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, вакцин дархлаажуулалтын Глобал Альянс зэрэг байгууллага хамтарсан Ковакс хөтөлбөрт нэгдэх хүсэлтээ 2020 оны 7 дугаар сард илгээсэн. Энэ нь хөгжил буурай орнууд болон дэлхийн нийт хүн амд тэгш хүртээмжтэй хүргэх зорилготой хөтөлбөр юм.
Хөтөлбөрт эхний ээлжинд манай орныг бүртгэсэн. Хүн амын 20 хувь буюу эрсдэлт бүлэг болох эмнэлэг, цэрэг, цагдаа, онцгой зэрэг халдвартай ойр ажиллаж байгаа иргэддээ нэгдүгээрт, хоёрт нь өндөр настай болон архаг хууч өвчтэй хүмүүсээ, гуравт нь сургууль цэцэрлэгийн багш нарт гэсэн үе шаттай төлөвлөгөө гаргаад явж байгаа. Мөн вакциныг авах, тараах, түгээх, вакцинжуулах төлөвлөгөөг гаргаад УОК-т хүргүүлсэн.
“COVID-19” халдварын вакцины хувьд Ковакс хөтөлбөрийн хүрээнд Модерна компанийн вакцин, мөн Инактиветэт буюу сулруулсан, вирусгүй вакцин, гуравт одино вирус дээр суурилсан 3 төрлийн вакцин байгаа. Хамгийн түрүүнд вирус агуулаагүй ч юм уу, эсвэл Модерна гэх мэтээр нэвтүүлэхээр дараалал гаргаж хөтөлбөрөө боловсруулан хүргүүлж байгаа.
Өчигдөр Женев дэх байгууллага руу Монголын цагаар орой 21 цагт цахимаар болон албан бичгээр илгээсэн. Бид энэ хөтөлбөртөө ямар вакцин авах талаар 12 тодорхой шаардлагыг тавьсан. Монгол Улс COVID-19 халдварын вакцин авах нэгдүгээр шаардлага бол ДЭМБ-аар хүлээн зөвшөөрөгдсөн вакцин байх юм. Тэгээд хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжид хадгалж болох зэрэг 12 шаардлага бүхий хүсэлт бичиг байгаа юм байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
“COVID-19” халдвараас хамгаалах вакцин авах хүсэлтээ Женев рүү илгээжээ |
|