Өнгөрсөн хугацаанд ХӨСҮТ нийтдээ 220 гаруй мянган иргэнийг шинжилгээнд хамруулсан байна. Мөн сорьц авах бамбар, хуруу шилний нөөц одоогоор 166 мянга байгаа бөгөөд удахгүй 300 мянгыг нэмэх гэнэ. Ингэснээр шинжилгээний нөөцөд хэсэгтээ санаа зоволтгүй болно. Шинжилгээний хариу өмнө нь 72, 48 цагийн хугацаанд гардаг байсан бол одоо ажиллаж байгаа гурван лабораторийн нэг нь хамгийн уртдаа 31 цаг , нөгөө хоёр нь 21-23 цагийн дотор гаргаж байгаа аж.
Ноднин жилийн арваннэгдүгээр сараас эхлэн тус эмнэлгийн лабораторийн ажилчдын ачаалал эрс ихэссэн бөгөөд 24 цагаар тулж ажиллажээ. Тиймээс энэ сарын 1-нээс 10-ны өдрийг хүртэл ажилчдаа амраах зорилгоор 24 цаг гараад 48 цаг амардаг байдлаар ажлыг нь зохицуулсан байна. Харин хөл хориог чангатгаад өрх бүрээс шинжилгээ аваад эхлэхээр ажлын цагийг нь буцаад 24:24 болгох ажээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хувьд хүчилтөрөгчийн үйлдвэртэй болох нэн шаардлага байгаа учраас энэ ажлыг шийдвэрлэхээр болж өмнөх сайдын үед Ажлын хэсэг байгуулагдсаныг одоогийн сайд үргэлжлүүлэн ажиллуулж байгаа. Үүн дээр салбар хариуцсан сайдын хувьд анхаарч ажиллана гэдгээ С.Энхболд сайд илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд тэрээр “Цар тахлын хоёр дахь давалгаа үүсэх магадлал бий энэ цаг үед та бүхний ажлын хариуцлага маш чухал. Хүнд хэцүү цаг үед та бүхэн минь маш сайн ажиллаж байгаа. Эмч, сувилагч, асрагч, ажилтан, албан хаагчид та бүхнээрээ бахархаж байна. Бүх нийтийг вакцинжуулах ажилд жижиг гэлтгүй бүх зүйлийг бэлдэх хэрэгтэй. Бид бүхэн хамтарч ажиллаж байж үүнийг даван гарна” хэмээн хэлсэн юм.
PCR шинжилгээний хариуг 31 цагийн дотор гаргадаг |