Бие махбодод хоолны давсанд агуулагддаг натри болон хлор тодорхой хэмжээгээр шаардлагатай байдаг боловч энэхүү хэрэгцээ нь маш бага байдаг. Энэхүү нийтлэлд давс хязгаарлах хоолны дэглэм болон түүний эрүүл мэндэд үзүүлэх ашиг тусыг тоймлон хүргэх болно. Мөн давс багатай хоолны дэглэм баримтлахын тулд идэж болох болон идэхээс зайлсхийх зарим хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулах болно.
Бие махбодын физиологийн үйл ажиллагаа хэвийн явагдахын тулд тодорхой хэмжээний давс хэрэгтэй байдаг. Давс нь биеийн шингэний тэнцвэрийг хадгалахад тусалдаг ба булчингийн агшилт болон мэдрэлийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ хэт их давс хэрэглэх нь хүний цусан дахь натрийн илүүдэлд хүргэдэг бөгөөд натри нь биед эргэлдэх шингэний хэмжээ болон артерийн даралт ихсэх гол шалтгаан болдог.
Америкчуудын хоолны дэглэмийн удирдамжид 14 ба түүнээс дээш насны хүмүүс өдөрт 2.3 грамм (гр)-аас бага давс хэрэглэхийг зөвлөсөн байдаг. Энэ нь ойролцоогоор нэг халбага давстай тэнцэнэ. Америкийн Зүрхний эмгэг судлалын төв (AHA) энэ зөвлөмжтэй санал нийлдэг боловч өдөрт 1.5 мг давс хэрэглэхийг санал болгодог.
Дэлхий дахинд жил бүр 200 сая тонн хоолны давс үйлдвэрлэгддэг ба үүний 6% нь хүнсэнд хэрэглэгддэг байна. 2019 онд хийсэн тооцоогоор дэлхий дахинд давсны хэрэглээгээр Хятад болон Төв Азийн орнууд (өдөрт 10.9 гр) тэргүүлсэн бол хамгийн бага давсны хэрэглээтэй Африкийн орнууд өдөрт 2 гр гэж мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, дэлхийн аль ч орны хувьд өдрийн давсны хэрэглээ нь дээрх санал болгож буй хэмжээнээс илүү байгаа юм.
Давс их хэрэглэснээс артерийн даралт тогтмол өндөр түвшинд байх бөгөөд хяналтгүй артерийн даралт тогтмол их байх нь цус харвалт, зүрхний шигдээс, зүрхний дутагдал, хараагүй болох, бөөрний эмгэг зэргийн эрсдэлийг хэд дахин нэмэгдүүлдэг. Хэрэв хоолны давсны хэмжээг багасгавал эрүүл мэндийн хувьд дараах байдлаар нөлөөлдөг.
Дээр дурдсанчлан давс нь цусны урсгал дахь усны хэмжээг нэмэгдүүлж, улмаар нийт цусны хэмжээг нэмэгдүүлснээр зүрхний ачаалал нэмэгдэж, цусны даралт ихсэх шалтгаан болдог. Хүнсний натрийн хэмжээг багасгах нь цусны даралтыг хэвийн хэмжээнд нь барихад тусалдаг.
Бөөр нь бие дэх эрдэс бодисуудыг хэвийн хэмжээнд барих үүрэгтэй байдаг. Үүнд цусанд агуулагдах натрийн хэмжээ ч хамаарна. Бөөрний үйл ажиллагаа муу байгаа үед биед илүүдэл натри, шингэн хуримтлагддаг. Ингэж шингэн хуримтлагдах нь цусны даралт ихсэхээс гадна шагай болон нүдний доорх хэсгээр хавагнадаг. Бөөрний өвчин судлалын үндэсний сангаас (NKF) бөөрний өвчтэй хүмүүс эрүүл мэндийн хүндрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд давсны хэрэглээгээ хязгаарлахыг зөвлөсөн байдаг.
Элэгний хатуурал, хорт хавдар зэрэг элэгний зарим өвчний үед хэвлийн хөндийд шингэн хуримтлагддаг. Давсны хэрэглээ их байх үед асцит нэмэгддэг бөгөөд ийм үед давсны хэрэглээг хязгаарлах нь асцит үүсэхээс урьдчилан сэргийлэх, эмчилгээний үр дүнг сайжруулах нөлөөтэй гэж үздэг.
Түүнчлэн цусны даралт тогтмол их байх нь цус харвалт, зүрхний дутагдал, зүрхний титэм судасны өвчний нэг шалтгаан болдог. Хамгийн сүүлд The Lancet сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар зүрхний дутагдал буюу зүрх судасны өвчний төгсгөлийн шатанд орсон хүмүүст давс багатай хоолны дэглэм мөрдүүлэх нь зүрхний өвчний улмаас эмнэлэгт хэвтэх болон яаралтай тусламж авах магадлалыг бууруулахгүй боловч шинж тэмдгийг багасгаж, амьдралын чанарыг сайжруулдаг болох нь тогтоогдсон байна.
Өдөрт хэрэглэх давсны хэмжээг бууруулахын тулд давс агуулаагүй хоол хүнсийг сонгох нь хамгийн чухал. Ялангуяа, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, амьтны гаралтай бүтээгдэхүүн зэргийг шинээр нь хэрэглэхийг зөвлөдөг. Учир нь даршилсан болон боловсруулсан хүнс нь их хэмжээний давс агуулдаг. Эсвэл шошго дээрх мэдээллээс давс багатай эсвэл давс агуулаагүй эсэхийг шалгах ёстой. Шаардлагатай тохиолдолд давсалсан лаазалсан ногоо, шош зэргийг хэрэглэхийн өмнө угааж, давсны хэмжээг бууруулах боломжтой.
Мөн хоолыг амтлах зорилгоор давс хэрэглэхгүй байх нь чухал. Давсны оронд давс агуулаагүй хоол амтлагч, сонгино, саримс, чинжүү, цагаан гаа, нимбэгийн шүүс зэргийг ашиглаж болдог. Монголчуудын хувьд хоногт хэрэглэх давсны нийт хэрэглээг нэмэгдүүлж буй гол хүчин зүйл нь цайны давс юм. Иймээс цайны давсыг багасгах шаардлагатай бөгөөд натри биш кали илүү их хэмжээгээр агуулсан жамц давс, улаан давс зэргээр орлуулж болно.
АНУ-ын Зүрхний эмгэг судлалын нийгэмлэгийн мэдээлснээр хүний нэг хоногийн давсны физиологийн хэрэгцээ 0.5 гр байдаг. Тиймээс өдрийн давсны хэрэглээг 0.5 гр хүртэл бууруулахад ямар нэг асуудалгүй гэж үздэг. Харин тамирчин, халуун орчинд ажилладаг их хөлөрдөг хүмүүс хөлсөөрөө их хэмжээний натри алдаж болзошгүй. Иймээс натрийн агууламж багатай хоолны дэглэм барихын тулд эмчээс нэмэлт зөвлөгөө авах хэрэгтэй.
Эх сурвалж: Dietary Guidelines for Americans, FDA, Kidney.org, health.gov
Давс багатай хоолны дэглэмийн эрүүл мэндийн ач холбогдол |
|