Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Цогзолмаа сайд их, дээд сургуулийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцлаа
6 жил өмнө   671

Салбарын яамнаас төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын 2018-2019 оны хичээлийн жилийн болон өвөлжилтийн бэлтгэлтэй танилцах ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хүрээнд өнөөдөр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ХСИС, ҮБХИС, АШУҮИС- иудын хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил хэр хангагдсан, өвөлжилтөд бэлэн эсэхтэй танилцжээ.

Нийт арав гаруй сургуулийг харьяалалдаа багтаадаг ХСИС хичээлийн шинэ жилээ угтахад бэлэн болсон байна. Иймд тус сургууль энэ жилийн элсэлтээ авч шинэ сонсогчдоо цэргийн бэлтгэлд гаргасан аж. ХСИС-ийн хувьд төгсөгчдөө 100 хувь ажлын байраар хангахаас гадна, сонсогчдоо чадавхжуулахад анхаардаг аж. Тусгай мэргэжлийн анги бий болгож, ховор мэргэжлийн чиглэлээр сургаж буй тухайгаа багш нар онцолсон байна.

Энэ тухай салбарын сайд Ц.Цогзолмаа хэлэхдээ, “Аливаа сургуулийн чанар нь багшийн ур чадвар, хичээллэх нөхцөлтэй шууд холбоотой. Сургууль төгсөгч нь нэг жилийн дотор ажлын байртай болж байна уу, үгүй юу гэдгээс тухайн сургуулийн чанар, чансаа харагддаг. Зөвхөн лекц сонссоноор сайн боловсон хүчин бэлтгэгдэхгүй. Иймд дадлага ажил хийлгэж, оюутан сонсогчдыг бүтээлч байдалд сургах нь чухал” гэлээ.

Түүнчлэн ҮБХИС-ийн ажил байдалтай танилцсан байна. Тус сургууль энэ оны долдугаар сард элсэлтээ авч дууссан ч, нийслэл болон Дархан-Уул, Орхон, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Дорноговь, Сэлэнгэ аймаг, Багануур дүүрэгт цахим хэлбэрээр бүртгэл явуулсан аж. Элсэн орогчид цэргийн бэлтгэл хийх хээрийн ангид суралцаж байгаа бөгөөд хичээлийн шинэ жил эхлэх үед ирэх юм байна. Энэ тухай тус сургуулийн захирал П.Жаргалан хэлэхдээ “Манай сургууль арван жилийн сургалтаас эхлээд, докторын сургалт явуулдаг батлан хамгаалах чиглэлийн сургууль юм. “Тэмүүжин өрлөг” дунд сургууль нь арван жилийн боловсрол олгодог. Төгсөгчдөөс тодорхой тооны сурагчдыг дөрвөн жилийн сургалттай их сургуулийн ангидаа элсүүлэн авдаг. 2030 он хүртэлх Хөгжлийн стратегийн замаа зураглаж, олон улсын зэрэглэлд нийцсэн сургалттай, боловсон хүчний чадавхтай болох зорилго тавьсан байна. Өнөөдрийн байдлаар 10 гаруй оронтой гадаад харилцаа тогтоож, хамтын ажиллагаатай болсноор суралцагчдаа солилцох, гадаадад багш нараа чадавхжуулж мэдлэг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байгаа” гэжээ.

Мөн салбарын сайд Ц.Цогзолмаа хэлэхдээ, “Залуус цэрэгт явахгүй зугтах болсон энэ цагт “Оюутан цэрэг” хөтөлбөрийг амжилттай зохион байгуулж байгаа нь сайшаалтай хэрэг. Үүнийг хэрэгжүүлснээр эх орноо хайрлах, хамгаалах, бие хүн болон төлөвших том алхам болж чадлаа. Зөвхөн онолд суурилсан хичээлээс зайлсхийж практик голлосон арга барил хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай” гэлээ.

 

Ц.ОРГИЛ

Цогзолмаа сайд их, дээд сургуулийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0