Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Англи хэлний сургалтыг сайжруулахад АНУ-тай хамтарна
6 жил өмнө   678
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клеческиг өнөөдөр хүлээн авч уулзах үеэрээ боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
 
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Манай хоёр улсын харилцаа, ялангуяа боловсролын салбарт идэвхтэй хөгжиж, үр дүнгээ өгч буй олон жишээ бий. Тухайлбал, Монгол Улс, АНУ хамтран санхүүжүүлж буй “Фулбрайт” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2011 оноос хойш 70 гаруй оюутан эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр АНУ-ын их, дээд сургуулиудад магистрантурт суралцсанд талархалтай байна. Цаашид ойрын 5-10 жилд эрэлт хэрэгцээтэй болох шинжлэх ухаан, технологи, инновацийн чиглэлээр залуусаа сургах, их, дээд, дунд сургуулийн багш солилцооны хөтөлбөрийг хамтарч хэрэгжүүлэх, багш нарыг богино, урт хугацааны мэргэжил дээшлүүлэх, ерөнхий боловсролын сургуулиудад англи хэлний сургалтыг эрчимжүүлэхэд манай яам анхаарч ажиллана” гэв.
 
Элчин сайд, ноён Майкл С.Клечески боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлд бодитой, тодорхой санал, санаачилгыг ажил хэрэг болгоход татгалзах зүйлгүй гэв. Тэрбээр, олон улсын сургалттай сургуулиудад ажиллаж буй гадаад багш нарын визтэй холбоотой зарим хүндрэлийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсээд англи хэлний сургалтын чанарыг сайжруулахад анхаарч ажиллана гэсэн юм.
 
 
Мөн 2019 оныг “Монгол, Америкийн залуучуудын жил” болгох асуудлыг 2017 онд тохиосон Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд эхлүүлж, улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2018 оны есдүгээр сард АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр эцэслэн тохиролцсон. Энэхүү үйл ажиллагааг тэмдэглэх нь хоёр орны харилцааны цар хүрээг өргөжүүлэх, иргэд хоорондын харилцааг бэхжүүлэх, залуучуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд ач холбогдолтой болохыг талууд онцлов.
Англи хэлний сургалтыг сайжруулахад АНУ-тай хамтарна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0