Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг теле хичээл зааж байгаа багш нартай өнөөдөр /2020.03.05/ уулзаж санал солилцжээ. Тэрбээр энэ үеэр Ерөнхий Боловсролын сургуулийн сурагчдаас энэ жил улсын болон анги дэвших шалгалт авахгүйг хэллээ. Улмаар хорио тавигдаж хичээл эхлэхээр сургалтын хөтөлбөрийн дагуу хичээлээ үзэж, теле хичээлээр үзсэнээ бататгах байдлаар үргэлжлэх бөгөөд хаврын хичээл тарах үед Элсэлтийн ерөнхий шалгалт л авах аж.
Мөн теле хичээлээр заасан мэдлэгээ хүүхдүүд хэрхэн бататгах, нөхөж үзэх боломжгүй, алслагдсан бүсэд байгаа айл өрхийн хүүхдүүд хичээлээ хэрхэн үзэх зэрэгт өөрийн саналыг тусгаж мэргэжилтнүүдээс тайлбар авлаа. Ирэх долоо хоногоос эхлэн сурагчдын теле хичээлийн шинэ хуваарь телевизүүдээр цацагдах бөгөөд теле хичээл амжилттай үргэлжилж байгааг салбарын сайд онцлов.
Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээс тодруулахад "Сурагчдаас анги төгсөх улсын шалгалт авахгүй. Харин 12 дугаар ангийн хүүхдүүдээс ЭЕШ авна. Ер нь төгсөх шалгалт ач холбогдолтой зүйл биш. Улсын шалгалтууддаа сайн бэлдээд орох ёстой байдаг. Одоо бол хоцрогдолтой гэдэг юм уу нөхөж үзэж байгаа тохиолдолд ирэх хоёр сарын хугацаанд хичээлээ нөхөж үзэхгүй бол шалгалтад бэлдэж байгаа гэж хүүхдүүдийг их сарниулдаг. Улсын шалгалтыг ганц хоёр хичээлээр л авдаг. Шалгалт өгөх хичээлүүдээ нүдээд бусад хичээлүүдээ орхигдуулах гээд байдаг учраас бүх хичээлүүдээр нь жигдхэн хүүхдээ төгсгө гэдэг чиглэлийг өгсөн. Явцын дүнгээрээ төгсөлтөө дүгнэнэ" гэсэн тайлбарыг өглөө.
А.ЦЭЛМЭН
Ё.Баатарбилэг: Төгсөх ангиас бусад сурагчдаас улсын шалтгалт авахгүй |
|