Олон улсын Мэдээлэл зүйн 33 дахь олимпиадыг Сингапур улс 2021 оны зургадугаар сарын 19-25-ны өдрүүдэд онлайнаар амжилттай зохион байгуулж дууслаа.
Энэ удаагийн олимпиадад дэлхийн 88 орны 353 сурагч авьяас чадвараа сорин өрсөлдсөн бөгөөд МУБИС-ийн Мэдээлэл зүйн тэнхимийн эрхлэгч профессор Д.Цэдэвсүрэн, ШУТИС-ийн дэд профессор А.Хүдэр ахлагчтай Монгол Улсын багийн сурагчид амжилттай оролцож, багийн гишүүн Сант сургуулийн 12-р ангийн сурагч А.Нямдаваа мөнгөн медаль хүртлээ.
А.Нямдаваа нь Олон улсын Мэдээлэл зүйн олимпиадад 2018 оноос эхлэн дөрвөн жил дараалан оролцож, 1 алт, 2 мөнгөн медаль хүртсэн Монголын анхны сурагч болж байгаа юм.
Түүнчлэн багийн бусад гишүүд болох Сэлбэ сургуулийн 11-р ангийн сурагч Б.Бэлгүтэй, Сант сургуулийн 11-р ангийн сурагч Ш.Билгүүдэй, Нэст сургуулийн 11-р ангийн сурагч Б.Бат-Эрдэнэ амжилттай оролцсонд талархал илэрхийлье.
Олон улсын мэдээлэл зүйн олимпиадын үйл ажиллагаанд БШУЯ-ы дэмжлэг үзүүлж, зохион байгуулалтын ажлыг Монголын Мэдээлэл зүйн Олимпиадыг Зохион Байгуулах Хороо (ММЗО НҮТББ), МУБИС, ШУТИС-ийн МХТС-ийн эрдэмтэн багш нар хоёр сарын хугацаанд хариуцан ажилласан юм. Мөн олимпиадын технологийн орчныг бүрдүүлэх, компьютер болон техник төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангахад МУБИС, “Эрин системс” ХХК хамтран ажиллав
Олон улсын Мэдээлэл зүйн олимпиадад оролцож буй сурагчид хоёр өдөр, өдөр тус бүр гурван бодлогыг таван цагийн хугацаанд бодож уралддаг. Ингэхдээ нийт зургаан бодлогыг бодох ба хамгийн их оноо болох 600 онооны төлөө өрсөлддөг.
Эх сурвалж: Монгол Улсын Боловсролын их сургууль
ОУ-ын Мэдээлэл зүйн 33 дахь онлайн олимпиадаас монгол сурагч мөнгөн медаль хүртлээ |
|