Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ
3 жил өмнө   3923
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ.
 
Эрхэм сурагч, оюутнуудаа
 
Эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгчид ээ
 
Хүндэт эцэг эхчүүд ээ!
 
Та бүхэндээ хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье!
 
Ердийн үед есөн сарын нэгэн зөвхөн баяр байдаг байсан. Харин өнөөдөр цар тахлаас улбаалж, та бидэнд томоохон сорилт, хамтын хариуцлагыг авчирч байна. 
 
Өнөөдөр цар тахлаас шалтгаалж, дэлхийн 13 улс орны 112 сая хүүхэд хичээлээ танхимаар эхлүүлж чадаагүй харамсалтай мэдээлэл байна. Энэ бол хэзээ ч үл нөхөгдөх хохирол юм. 2021 оны 3 дугаар сарын 21-нд болсон ЮНЕСКО-гийн сайд нарын уулзалтаар энэ үзэгдлийг “Нэгэн үеийн сүйрэл” хэмээн тодорхойлсон байна.
 
Хүн амын бүрэн вакцинжуулалт 64.2 хувьд, 12-17 насны хүүхдийн вакцинжуулалт 75 хувьд хүрч, багш сурган хүмүүжүүлэгчид 3 дахь тунд хамрагдсанаар Бид хичээлийн шинэ жилээ танхимаар эхлүүлэх боломж бүрдлээ.
 
Хүн төрөлхтөн цар тахлыг даван туулах үед энэ цаг өөрөө түүхэн цаг болон хувирна. Цар тахлын нэн хүнд үед сурч боловсрох эрхэм үүргээ хичээнгүйлэн биелүүлж буй оюутан сурагчид, багш сурган хүмүүжүүлэгчид, боловсрол, эрүүл мэндийн салбарынхан та бүхэн бол энэ цаг үеийн баатрууд билээ.
 
Өнгөрсөн хугацаанд боловсролын салбарын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн үргэлжлүүлэх ачааны хүндийг үүрсэн нийт багш нартаа болон цахим сургалтыг дамжуулах боломж бүрдүүлсэн хэвлэл мэдээллийн салбарынханд, идэвхи зүтгэлээ дайчлан суралцсан нийт оюутан сурагчиддаа Ерөнхий сайдын хувьд Засгийн газрын өмнөөс гүн талархал илэрхийлье!
 
Засгийн газраас боловсролын шинэчлэлийн багц хуулийг Улсын Их Хуралд өргөн бариад байна.  Энэ хууль батлагдсанаар ерөнхий боловсролын тогтолцоонд олон улсын үнэлгээг нэвтрүүлж, Монгол хүүхэд бүр суурь боловсролын 12 жилийн хөтөлбөрт бүрэн хамрагдах тогтолцоонд үе шаттай шилжих замаар хот хөдөөгийн боловсролын тэгш бус байдлыг арилгаж,  Их дээд сургуулийг нэгдсэн стандартад оруулж өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ. Монгол хэл бичгийн төгс хэрэглээг эзэмшүүлэх, англи хэлийг албан ёсны хоёрдагч хэл болгож дэлхийн иргэд бэлтгэх, багшийн ур чадвар, гүйцэтгэлд суурилсан санхүүгийн урамшууллын тогтолцоог нэвтрүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх зэрэг томоохон зорилтуудыг дэвшүүлээд байна. Мөн энэ хичээлийн жилээс 5 настай хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж, Үдийн цайг-Үдийн хоол болгож, гурван ээлжийн хичээлийг хоёр ээлжинд бүрэн шилжүүлж дууслаа. 
 
Эрхэм сурагч, оюутнууд аа,
 
Хүндэт эрдэмтэн багш, эцэг эхчүүд ээ.
 
Цар тахал хүн төрөлхтөнд тодорхойгүй ирээдүйг бий болгож байна. Цаашид цар тахал хэдий удаан хугацаанд үргэлжилж, хэдэн удаа хувьсан өөрчлөгдөхийг хэн ч таамаглаж чадахгүй байна.
 
Тиймээс бид эрсдлийг сөрж, халдвар хамгааллын дэглэмээ баримталж, хариуцлагатай хандаж, энгийн амьдралын хэмнэлдээ алхам алхамаар дасан зохицох сорилттой нүүр тулж байна.
 
Монгол улсын Засгийн газраас дэвшүүлсэн эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөр амжилттай хэрэгжиж, цар тахлаас улбаалсан 5.3% уналттай эдийн засгийг 6.3% ийн өсөлтөнд хүргэж, болзошгүй эрсдлээс 246 гаруй мянган ажлын байрыг хамгаалж чадлаа.
 
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх Дахин Сэргэлтийн бодлогыг баталж, төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын түншлэлийг шинэ түвшинд гаргах багц хуулийн төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлж, Монгол Улсын Их Хуралд өргөн барихаар шийдвэрлэснийг дуулгахад таатай байна.
 
9 сарын 1
 
Монголчууд бидний хувьд зөвхөн хичээлийн шинэ жил төдийгүй, намрын нөр ажлын хөдөлгөөнт эхлэл байдаг билээ. Цар тахлын өнөөдрийн сэтгэлзүйд авталгүй, нийгмийн хөгжил, эдийн засгийн өрсөлдөх чадвар, амьдралын чанарын үзүүлэлтүүдийг өсгөх томоохон зорилтуудаа хүрэхийн төлөө Хамтдаа хичээцгээе!
 

 
Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0