НҮБ-ын Хүүхдийн Сан, Солонгосын Хүүхдийн Сангийн санхүүжилттэй “24 цагийн цэцэрлэгийн үйлчилгээний чанарыг сайжруулах” төсөл 2019-2022 онд 3 жилийн хугацаатайгаар Улаанбаатар хотын 24 цагийн ажиллагаатай төрийн болон төрийн бус өмчийн 15 цэцэрлэгийн хүрээнд зохион байгуулагдаж, үр дүн хэлэлцэх уулзалт боллоо.
Тус хэлэлцүүлэг нь 24 цагийн цэцэрлэгт хамрагдаж буй бага насны хүүхдийн хөгжил, хамгаалал, боловсрол зэрэг бүхий л талыг бодлого эрх зүйн шатнаас эхлээд сургалт, хөгжлийг дэмжих үйл ажиллагааны хэрэгжилтийн түвшин болон холбогдох субъектүүдийг хамарсан өргөн хүрээний үйл ажиллагаа болж, олон талын түншлэлийн хүрээнд хамарснаараа ач холбогдолтой юм гэж оролцогч нар дүгнэлээ.
Уулзалтад НҮБ-ын Хүүхдийн сан болон Солонгосын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчид болон зөвлөхүүд, MУБИС-ийн БСС, Отгонтэнгэр их сургуулийн захирлууд БШУЯ, БEГ-ын мэргэжилтнүүд, төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч төрийн болон төрийн бус өмчийн их дээд сургуулийн багш нарын баг, 24 цагийн ажиллагаатай цэцэрлэгийн эрхлэгч нар зэрэг олон талын төлөөлөл оролцсон аж.
2019-2020 оны хичээлийн жилээс НҮБ-ын Хүүхдийн Сан, Солонгосын Хүүхдийн сангаас санаачлан “24 цагийн ажиллагаатай цэцэрлэгийн үйлчилгээний чанарыг сайжруулах нь” төслийг хэрэгжүүлэхээр болсон нь сургуулийн өмнөх боловсролын салбарт анх удаа хийгдэж байгаа шинэлэг ажил болсон. Уг төслийн хүрээнд 24 цагийн ажиллагаатай цэцэрлэгийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх тойм судалгааг хийжээ. Судалгаагаар:
1. 24 цагийн ажиллагаатай цэцэрлэгийн багш, хамт олон нь энэ чиглэлээрх тусгайлсан сургалтад оролцож байгаагүй бөгөөд мэдлэг, мэдээллэл зайшгүй хэрэгцээтэй.
2. Хүүхдийн гэр бүл, эцэг эх асран хамгаалагч нь бага насны хүүхдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах, тэднийг сурч хөгжихөд дэмжлэг үзүүлэх талаар хамтран ажиллах үүрэгтэй ч дээрх үүргээ биелүүлэх байдал харьцангуй доогуур үзүүлэлттэй.
3. Эцэг эх асран хамгаалагчид үүргээ биелүүлэхэд бүлгийн багш, цэцэрлэгийн хамт олны зүгээс чиглүүлэх өгөх зөвлөгөө, хүүхдийг таньж мэдэх, тэдний насны хямралыг ойлгох зэргийн талаарх мэдлэг, мэдээллийн байдал төдийлөн хангалттай бус зэрэг байгааг илрүүлжээ.
Дээрх хэрэгцээ, шаардлагад үндэслэн “24 цагийн ажиллагаатай цэцэрлэгийн үйлчилгээний чанарыг сайжруулах нь” төслийн сургалт, арга зүйн дэд багийг байгуулж, “Цэцэрлэгийн багшийг чадавхжуулах модуль сургалт” гарын авлагыг анх удаа боловсруулах зэрэг олон ажлыг хийсэн байна.
“24 цагийн цэцэрлэгийн үйлчилгээний чанарыг сайжруулах” төслийн үр дүнгийн хэлэлцүүлэг уулзалт боллоо |
|