Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
А.П.Чехов ТҮШМЭЛИЙН ҮХЭЛ
7 жил өмнө   1825
           Нэгэн сайхан үдэш аж ахуйн төдийлэн хээнцэр биш түшмэл Иван Дмитрыч Червяков зөөлөн сандлуудын хоёрдугаар эгнээнд сууж “Корневилийн хонх” бүжигт дуурийг үзэж байхдаа дээд зэргийн жаргал эдэлж суулаа. Гэтэл гэнэт… Өгүүллэгт энэ “ гэтэл гэнэт” их олон гардаг юм. Амьдрал тийм гэнэтийн  явдлаар дүүрэн байдаг болохоор зохиогчийн зөв юм. Гэтэл гэнэт, түүний царай үрчийж нүд цагаанаар эргэлдэн амьсгал нь зогсчихжээ… Тэрээр дурангаас нүдээ салган бөхийгээд… найтааж орхилоо… Найтаахыг хаана ч, хэзээ ч зэмлэдэггүй юм. Хөдөөний эрчүүд, цагдаагийн дарга, заримдаа нууц зөвлөгч ч найтаадаг шүү дээ. Хүн бүр найтаадаг. Червяков их ч сандарсангүй, нусны алчуураар арчаад, ёс мэдэх хүний хувьд ингэж найтаалгахдаа хэн нэгэн хүний тавыг алдагдуулаагүй байгаадаа гэж эргэн тойрноо харлаа. Түүнийг зам харилцааны яаманд албан хааж буй чөлөөнд байгаа генерал Бризжалов болохыг Червяков таньжээ.
“Би шүлсээ үсэргэчихэж дээ. Миний дарга ч биш, хамаагүй хүн, тэгэхдээ л эвгүй юм даа. Уучлал гуйх хэрэгтэй” гэж Червяков боджээ.
Червяков ханиалган, бүх биеэрээ урагш тонгойн генералын чихэнд,
-Эрхэм минь, уучлаарай. Би тан руу шүлс үсэргэчихлээ… Санамсаргүй л… гэж шивнэлээ.
-Зүгээр, зүгээр…
-Бурханы ивээлээр уучлаарай. Би чинь… Би тэгэх гэж бодоогүй юм.
-Та сууж үзээч. Намайг юм үзүүлээч.
Червяков сандран тэвдэж мулгуу байдлаар инээмсэглэснээ тайз руу харж эхлэв. Тэрээ харж байгаа хир нь урьдын жаргал алга болжээ. Тэгээд түүний сэтгэлийн зовиур шаналгаж эхэллээ. Завсарлагаагаар тэр түшмэл Бризжалов руу ойртон очиж дэргэдүүр нь жаахан явснаа ноомой зангаа дарж,
-Эрхэм минь, би тан руу шүлс үсэргэсэн… Уучилж үзээч…Би… Би тэгж… гэж бувтнавал,
-Болиоч…Би бүр мартчихсан байхад та түүнийг яриад байх юм гэж генерал хэлээд доод уруулаа тэсвэр алдсан шинжтэй хөдөлгөв. Червяков генерал руу сэжиглэн харснаа, “Мартсан гэх, гэтэл нүдэнд нь ёжтой байдал илэрч байдаг. Ярих ч дургуй байна. Би ер нь, тэгэх гээгүй юм… Энэ чинь байгалийн ёс юм гэдгийг учирлах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол намайг нулимах гэсэн гэж бодно. Одоо тэгж бодохгүй ч, хожим тэгж бодно” гэж боджээ.
-Червяков гэртээ ирээд ёс алдсан тухайгаа яривал авгай нь болсон явдалд дэндүү хөнгөмсөг хандах шиг болжээ. Авгай нь эхлээд айснаа “хамаагүй” хүн гэдгийг мэдээд тайвширчээ.
-Ямар ч атугай чи очиж уучлал эр. Чамайг олны дунд биеэ авч явж чаддаггүй хүн гэж бодно гэж авгай нь хэлжээ.
-За тэр биш үү. Би уучлал гуйхад тэр их хачин байсан юм… Нэг ч аятай үг хэлээгүй. Тэгээд ч юм ярих зав байгаагүй.
Маргааш нь Червяков ёслолын шинэ хувцасаа өмсөн үсээ засуулаад Бризжаловт учирлахаар явжээ…
Генералын хүлээн авах өрөөнд ороод хүн олонтой байгааг Червяков үзлээ… Хүмүүс хүлээж авах завсар өргөдөл хүлээж авахаар генералыг гарч ирэхэд Червяков түүнийг бас харлаа. Хэд хэдэн хүнээс генерал юм асуугаад Червяков руу харахад түшмэл::
-Эрхэм та, хэрэв санаж байгаа бол өчигдөр “Аркадия” театрт би найтаачихсан… тэгээд санаандгүй шүлсээ үсэргэчихсэн… Ууч… гэж илтгэж эхлэхэд,
-Тийм дэмий юм… Бурхан ивээг гэж генерал хэлээд –Танд юу хэрэгтэй вэ? гэж дараачийн хүнээс асуужээ.
“Ярих дургүй байгаа болохоор уурласан байх нь… Үгүй, үүнийг ингээд орхиж болохгүй…Би түүнд учирлая” гэж Червяков боджээ.
Генерал сүүлчийн хүнтэй уулзаж дуусаад дотоод өрөөлүүгээ чиглэхэд Червяков түүний хойноос даган,
-Эрхэм минь, хэрэв би эрхэм таныг цочоосон аваас зөвхөн гэмших зүйл мөн гэж хэлэх байна…Санаандгүй юм болсныг болгоогооч гэж бувтнахад генералын царай ярвайж гараа савчаад,
-Та зүгээр дооглож байх шив гэж хэлээд хаалганы цаагуур далд оржээ.
“Юунд инээж дооглох билээ. Түүнд чинь инээж шоолох юу ч байгаагүй. Генерал учрыг нь ухаарахгүй нь. Ингэхлээр би энэ бардам гайхлаас дахиад уучлал эрэхгүй. Чөтгөр аваг. Харин түүнд захидал бичье. Явахаа больё” гэж Червяков бодлоо.
Червяков харьж явахдаа ингэж боджээ. Тэрээр генералд захидал бичсэнгүй. Бодож бодож юу гэж бичихээ мэдсэнгүй. Тэгээд маргааш нь өөрөө очиж учирлах болжээ.
-Би өчигдөр ирж таны тайван байдлыг алдагдуулжээ, эрхэм минь гэж генералыг өөдөөс нь асуух байдлаар харахад Червяков хэлээд – Таны болгоосон шиг би шоолж дооглох гээгүй юм. Найтаалгахдаа шүлс үсэргэсэнд уучлал гуйх гэсэн болохоос инээж шоолох гэж бодоогүй юм. Би инээж дооглож зүрхлэх үү дээ? Хэрэв би инээж даажигнах юм бол албаны хүнийг хүндэтгэх ёс алга болох билээ гэж бувтналаа.
Чичирч хөхөлбөр болсон генерал,
-Тонил! гэж хашгирав.
-Юу? гэж айсандаа бахардсан Червяков шивнэн хэллээ.
-Тонил!  гэж генерал хөлөө дэвсэн байж давтан хашгирав
Червяковын гэдсэн дотор ямар нэгэн юм тасрах шиг боллоо. Тэрээр юу ч үл үзэн, юуг ч үл харан хаалга руу чиглэн гарч... Тэрээр өөрөө мэдэлгүй гэртээ ирээд ёслолын хувцасаа тайлсан ч үгүй, буйдан сандал дээр хэвтээд ... үхжээ.
 
А.П.Чехов ТҮШМЭЛИЙН ҮХЭЛ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0