Николаевын төмөр замын буудал дээр хоёр найз уулзсаны нэг нь бүдүүн, нөгөө нь нарийхан ажээ. Бүдүүн нь дөнгөж сая буудлын газар хооллосон учир уруул нь тос болж боловсорч гүйцсэн интоор адил гялалзана. Түүнээс херес, флердоранжийн үнэр ханхална. Нарийхан нь дөнгөж сая галт тэрэгнээс буугаад чемодан ваадантай бас хатуу цаасан хайрцагтай юм үүрчээ. Түүнээс гахайн утсан мах, кофе цайны шаар үнэртэнэ. Түүний ард урт эрүүтэй, туранхай авгай харагдах нь түүний эхнэр, бас гимназийн өндөр сурагч нүдээ онийлгож харагдах нь түүний хүү ажээ.
-Порфирий! Чи чинь? Хонгор минь, Хичнээн ч жил уулзаагүй билээ! Гэж бүдүүн нь нарийхнаа харж дуу алдав.
-Та минь! Миша Багын найз минь хаанаас гараад ирэв ээ гэж нарийхан нь гайхав.
Найзууд гурвантаа үнсэлдэж нулимс дүүрсэн нүдээр бие биеэ харцгаав. Хоёулаа бахдан гайхсан байв. Үнсэлдсэний дараа нарийн нь,
-Хайрт найз минь санаадгүй еэ Мөн сониноо, Үгүй наашаа сайн хараач, урьдын адил гялалзаж явах шив, өнөөх л дэгжин ганган хэвээрээ, бурхан минь, за тэгээд баяжаа биз, гэрлэсэн биз дээ? Би ч харж байгаа биз, гэрлэсэн… За, энэ миний эхнэр Луйза, Ванценбах нутгийн хүн… лютерийн шүтлэгтэй… Энэ бол миний хүү Нафанаил, гуравдугаар ангийн сурагч Нафаня, энэ миний багын найз, гимназид хамт суралцаж байсан юм гэж хэлэв.
Нафанаил бага зэрэг бодоод малгайгаа авав.
-Гимназид хамт суралцаж байсан юм., гээд нарийхан нь үгээ үргэлжлүүлэн -чамайг юу гэж хочилдог байлаа, санана уу? Сангийн ном янжуурын галаар түлсний учир Герострат гэж, намайг ховчдуу болохоор Эфиальт гэж хочилдогсон. Хо-хо… хүүхэд байжээ.. , бүү ай, Нафаня, түүнд жаал ойрт… энэ миний эхнэр Ванценбах нутгийн хүн… Лютерийн шүтлэгтэй.
Нафанаил бага зэрэг бодоод эцгийнхээ ард нуугдав.
-Ямаршуу амьдарч байна, найз минь. Алба хааж байна уу, хаагаад дууссан уу гэж бүдүүн нь асууж найзыгаа баяр хөөр болон харав.
-Алба хааж байна, эрхэм минь. Хоёр жил коллегийн ассесорын алба хааж Станиславын одон авсан. Цалин бага л даа… за тэрч яахав, эхнэр маань хөгжмийн хичээл заадаг, би хувиараа тамхины хайрцаг модоор хийдэг. Сайхан хайрцаг, ширхэгийг нь рублиэр зардаг юм. Хэрэв хэн нэгэн хүн арав юмуу илүүг авбал, мэдэж байгаа биз дээ, хямдхан өгнө. Ÿаж ийгээд болж л байна. Яаманд алба хааж байсан. Одоо мөн газрынхаа харъяа энд ажиллахаар болсон юм. Энд ажиллана даа. За чи ямаршуу байна, дөрөв, тавдугаар зэргийн тушаалын албанд биз?
-Үгүй эрхэм минь, арай дээгүүр тавь. Би одоо нууц зөвлөгчийн алба хааж байна…. Хоёр одонтой гэж бүдүүн нь хэлэв.
Нарийхний царай гэнэт цайж, хөдөлгөөнгүй болсон боловч удсан ч үгүй инээмсэглэлээр дүүрэв Түүний царай, нүднээс оч бадрах мэт байв. Өөрөө ч бөгтийж, дүнсийв… Түүний чемодан, боодолтой юм, хайрцаг нь ч атугай атирчих шиг болов… Эхнэрийн нь урт эрүү улам сунах шиг. Нафанаиал номхон зогсож бүх товчоо товчлов.
-Би эрхэм дээдэс минь… Тун аятайхан байна, Багын найз гэж хэлж болох хүн гэнэт ийм өндөр тушаалтай болох гэж, хи-хи-хи
-За боль, юунд ийм янзаар ярина вэ? Чи бид хоёр багын найзууд атал ингэж хэргэм зэрэг хүндэтгэх нь юу вэ? Гэж бүдүүн нь ярвайв.
-Авөрч өршөө… яалаа гэж… эрхэм дээдэс таны агуу сэтгэлийн их анхаарал бол…амь оруулах ундаа мэт… энэ бол, эрхэм дээдэс минь, миний хүү Нафанаил… эхнэр Луиза, Лютерийн шүтлэгтэй гэж хэлж болно.
Бүдүүн нь хариу хэлэх гэтэл нарийхний нүүрэнд амтархал, бишрэл, хүндэтгэл илэрхий байхад нууц зөвлөгчийн бөөлжис цутгах шиг болов. Тэгээд нарийхнаас нүүр буруулж, салах ёс гүйцэтгэхээр гар сарвайжээ.
Нарийхан нь гурван хуруугий нь атгаж бүх биеэрээ мэхийж хятад хүн шиг хийхийлэв. Эхнэр нь инээмсэглэв. Нафанаил хөлөө тов хийлгэсэнд малгай нь уналаа. Гурвуулаа гайхсан байв.
А.П.Чехов БҮДҮҮН НАРИЙН ХОЁР |
|