Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Төмөр эзэмдэгч Арнольд Шварценеггер
6 жил өмнө   2715
Товч баримт
 
Овог, Нэр:
Арнольд Шварценеггер
 
Ажил, мэргэжил:
Бодилдингийн тамирчин, кино жүжигчин, амбан захирагч
 
Төрсөн он, сар, өдөр:
1947.07.30
 
Төрсөн газар:
Австри улс, Грац хот
 
Амьдралын эхэн үе
Арнольд Шварценеггер 1947 оны долоодугаар сарын 30-нд Австри улсын Грац хотод төржээ. Түүний хүүхэд нас тийм ч сайн сайхан байгаагүй юм. Эцэг Густав нь архинд дуртай цагдаагийн дарга, Нацист намын гишүүн байсан бөгөөд ахыг нь Арнольдоос илүүд үзэж эрхлүүлдэг байв. Густав Арнольдыг зоддог байснаас гадна хоёр хүүгээ хооронд нь эв түнжингүй өсгөжээ. Тэр бас Шварценеггерийн бодибилдингийн тамирчин болно гэсэн багын мөрөөдлөөр доог тохуу хийж сэтгэлээр унагаадаг байлаа. Тэгвэл хожим нь үүнээс ч илүү сэтгэлийг нь зовоож, тавгүйтүүлсэн үйл явдал болсон юм. Түүний ах 1971 онд машины осолд орж амиа алдсан бол ердөө нэг жилийн дараа эцэг нь нас баржээ. 
 
Бодибилдингийн тамирчин
Шварценеггер бол бодибилдингийн түүхэн дэх хамгийн агуу тамирчин юм. Домогт тамирчин Реж Паркыг шүтэж энэ спортод шунан дурласан  Арнольд 16 настайдаа анхныхаа тэмцээнд орж дэд аварга болж байлаа.   1965 онд Австрийн армид татагдаж, тэр жилээ цэргийн ангиасаа оргон Германы Штүүтгарт хотод очин нэр хүндтэй томоохон тэмцээн болох “Мистер Европа”-ын залуучуудын ангилалд орон түрүүлж байв. Буцаж ирэхэд нь дарга офицерүүд нь мэдээж шийтгэж сахилгад хорисон боловч тэмцээнд түрүүлснийг нь үнэлж цаашид хүчний бэлтгэл хийх бололцоо олгожээ. 
Ингээд түүний гайхалтай замнал эхэлж “Мистер Юниверс”-ийн 5 удаагийн, “Мистер Олимпиа”-ийн 7 удаагийн аварга болсон юм. Бодибилдингийн спортын нэрт зүтгэлтэн Жой Вейдерийн үүсгэн санаачилсан дэлхийн хамгийн шилдэг тамирчдын өрсөлддөг “Мистер Олимпиа” тэмцээний энэ дээд амжилт хожим нь хоёр ч удаа 8 болон эвдэгдсэн. Гэхдээ Арнольд 1975-1980 оны хооронд 4 жил өнжөөгүй бол тэр одоог хүртэл дээд амжилтын эзэн хэвээр байх боломжтой байлаа.   
 
Кино жүжигчин
Түүний бас нэгэн мөрөөдөл нь Холливуд байсан юм. Австрийн бөглүү жижиг тосгонд төрсөн Арнольдыг бусдад энэ тухайгаа ярихад өөрт нь дэндүү ахадсан, бүтэшгүй мөрөөдөл байна гэдэг байв. Гэсэн ч тэрээр энэ бүхнийг чадсан билээ. Анх 1968 онд АНУ-д очин суурьшсан түүнийг удалгүй бодибилдингийн амжилттай нь зэрэгцэн Америкийн кино бүтээгчид олж харлаа. Түүний шүтээн Реж Парк өмнө нь Геркулесийн дүрийг кино дэлгэцнээ бүтээж байсан бол харин одоо Арнольдод тийм сайхан боломж гарч иржээ. Ингээд 1970 онд “Геркулес Нью-Йоркд” нэртэй кинонд тоглосноор түүний жүжигчний замнал эхэлсэн юм. 
Шварценеггер нь 1970-2016 оны хооронд нийт 38 кинонд  тоглосны дийлэнхи нь адал явдалт болон уран зөгнөлт төрлийнх бөгөөд мөн инээдмийн кинонд шаггүй дүр бүтээчихдэг, амьдрал дээр ч хошин шогийн мэдрэмжтэй, нийтэч хүн юм. “Зэрлэг Конан”, “Терминатор”, “Араатан” зэрэг цувралууд нь түүнийг дэлхий нийтэд таниулсан хамгийн алдартай кинонууд билээ.        
 
Улс төрч
2003 он. Энэ бол түүний хувьд онцгой жил байлаа. Терминатор киноны 3-р ангид тоглосны дараа кино урлагаас хөндийрч, улс төрийн карьераа эхлүүлснээ дэлхий нийтэд зарлалаа. Эртнээс АНУ-ын Бүгд найрамдах намын бодлогыг дэмждэг байсан түүнийг Калифорни мужын ард иргэд амбан захирагчаараа сонгосон байна. Арнольд Шварценеггер 2003-2010 онд хоёр удаа улиран сонгогдож байгаль орчиныг хамгаалах болон шинэ бизнесийг дэмжиж эдийн засгаа сайжруулах бодлого барин ажиллажээ. Гэсэн ч түүний захирагчаар ажилласан сүүлийн жилүүдтэй АНУ-ын хямралын үе таарч эдийн засгийн асуудалтай нүүр тулгарахаас аргагүйд хүрсэн юм. 
 
Хувийн амьдрал
Шварценеггер 1986 онд 39 насандаа телевизийн сэтгүүлч Мария Шрайвертай гэрлэжээ. Энэ бүсгүй бол ерөнхийлөгч Жон Кеннедигийн дүүгийнх нь охин юм. Ганц бие олон жил явсны эцэст удам сайтай, даруухан, үзэсгэлэнтэй бүсгүйтэй гэрлэхэд нь шүтэн бишригчид нь баяртай байлаа. Тэд 4 хүүхдийн аав, ээж болж, аз жаргалтай амьдарч байв. Харин 2011 онд Шварценеггерын нууц хүүхэд гарч ирсэнээр эхнэр нь гэрлэлтээ цуцлуулах өргөдөл өгч, тэдний 25 жилийн амьдралд цэг тавьжээ. 
2010 онд Арнольд Шварценеггер адал явдалт киноны ахмад төлөөлөгч Силвестр Сталонне, Брюс Уйллс, Дольф Лүндегрн, Жэт Ли нарын жүжигчидтэй хамтран “The Expendables” кинонд тоглож кино урлагтаа эргэн ирсэн юм. Одоо тэрээр кинондоо тоглохын сацуу өөрийн үүсгэн санаачилсан “Арнольд Классик” бодибилдингийн тэмцээнийг зохион байгуулж, шинэ үеийн шилдэг тамирчдыг шалгаруулсаар байна.
Д.Оюунбат
 
Төмөр эзэмдэгч Арнольд Шварценеггер
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0