Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Попын хаан Майкл Жексон
6 жил өмнө   2338
Товч баримт
 
Овог, Нэр:
Майкл Жозеп Жексон
 
Ажил, мэргэжил:
Дуучин, продюсер
 
Төрсөн он, сар, өдөр:
1958.08.29
 
Төрсөн газар:
Индиана муж улс, Гэри
 
Амьдралын эхэн үе
Америкийн алдарт дуучин, продюсер Майкл Жексон 1958 онд Индиана мужийн Гэри хотод өнөр өтгөн ажилчин гэр бүлд мэндэлжээ. Түүний эцэг Жое Жексон дуу хөгжимд дуртай хүн бөгөөд “The Falcons” гэдэг хамтлагт гитарчин байсан боловч амжилт олоогүй тул олон жил краны оператораар ажиллажээ. Гэхдээ эхнэрийнхээ хамтаар хүүхдүүдээ хөгжмийн боловсролтой болгож өсгөсөн нь 1960-аад оны эхээр “Жексон 5” хамтлаг байгуулагдах үндэс болсон юм. 
 
“Жексон 5” хамтлаг
Хамтлагийг анх байгуулагдахад түүний 3 ах Тито, Жермэйн, Жэки нар гишүүн нь байжээ. Харин Майкл 5 настайдаа ах Марлоны хамтаар “Жексон 5” хамтлагт элсэж гоцлол дуучин нь болсон юм. Хэдий бага насны хүүхэд боловч түүний гайхалтай хоолойн чадал, тайзны хөдөлгөөн, сэтгэл хөдлөл зэрэг нь үзэгчдийг өөртөө татаж чухам энэ үеэс л хамтлаг олонд танигджээ. Харин 1969 оноос оргил амжилтынх нь үе эхэлсэн байна.  “I want you back” дуу нь Биллбордын 1-р байранд орсон бол мөн "ABC," "The Love You Save", "I'll Be There" зэрэг дуунууд нь бусад чартуудыг тэргүүлсэн юм. 
Гэхдээ энэ бүх амжилт тийм амар ирээгүй. Эцэг нь тэднээр маш хатуу сахилга баттай, өндөр ачаалалтай бэлтгэл хийлгүүлдэг байсан нь хамтлагийн хамгийн бяцхан гишүүнд хүнд хэцүү байдаг байв. Үеийнх нь хүүхдүүд тоглож, наадаж байхад тэр л ганцаар цаг наргүй бэлтгэл хийж байлаа.
 
Соло карьер
Майкл Жексон 1972 оноос соло карьераа эхлүүлжээ. Гэхдээ энэ үед хамтлагтаа байсаар байсан юм. Тэрээр далаад оны сүүлээр продюсер Куинси Жонстой хамтрах болсоноор уран бүтээлд нь ихээхэн ахиц гарчээ. Тэдний анхны цомог 1979 онд “Off the wall” нэртэйгээр гарч 9 сая хувь хэвлэгдсэн бол дараагийн цомог нь жинхэнэ тэсрэлт хийсэн байна. Тэр бол бүх цаг үеийн хамгийн амжилттай цомог “Thriller” юм. Уг цомог тухайн үедээ АНУ-д 21 сая, дэлхий даяар 27 сая хувь зарагдаж байсан бол 2009 оны байдлаар нийт 65 сая хувь борлогдож Гиннесийн дээд амжилт тогтоожээ. Харин удаах цомог “Bad” нь нийт 25 сая хувь борлогдож өмнөх амжилтдаа хүрээгүй ч гэсэн энэ үеэс л түүнийг “Попын хаан” гэх болсон юм. 
Түүний хүчтэй хоолой, өвөрмөц шинэлэг бүжиг, бүтээлч, сонирхолтой видео клипүүд гээд л энэ бүхэн гайхалтай имижийг бүрдүүлж байлаа. Тэр жинхэнэ мега од боллоо. Пепси компани гэхэд л түүнтэй 5 сая долларын зар сурталчилгааны гэрээ байгуулж амжив. 
Ерээд он гарахад Майкл Жексон өөрийгөө дэлхийн хэмжээний дуучин гэдгээ баталж өглөө. Мөн л бүх цаг үеийн хамгийн амжилттайд тооцогддог дэлхийг тойрсон нүсэр аялан тоглолтуудаа 1993 онд Москва хотоос эхлүүлжээ. Тоглолт бүрийг үнэ цэнэтэй болгож байсан хүчин зүйл нь түүний тод авьяас, гайхалтай шоу үзүүлбэр бас орон орны сая сая шүтэн бишрэгчид нь байлаа.
 
Хувийн амьдрал
Майкл Жексон бол туйлын сонирхолтой амьдралыг туулж өнгөрүүлсэн хүн. Түүнд бурхан мэт шүтэгдэж байсан үе ч бий, бусдын элэг доог болж байсан үе ч бий. Арьсны өнгөө солиулахад нь олон нийт элдэв таамаг дэвшүүлж, хар арьстай поп дуучин гэж хэлэгдэхээс ичсэндээ ийм үйлдэл хийлээ гэж шүүмжилж байв. Харин тэрээр өөрөө тайлбарлахдаа энэ нь арьс өнгөний өвчний улмаас хийж байгаа зайлшгүй сонголт байлаа гэжээ. 
1994 онд хэвлэл мэдээллээр бас нэгэн мэдээлэл гарсан нь олон жил ганц бие явсан алдарт дуучны гэрлэлтийн тухай байлаа. Эхнэр нь зүгээр ч нэг бүсгүй биш рок’н ролын хаан домогт Элвис Преслигийн охин байв. Гэвч тэд ердөө хоёрхон жилийн дараа хоёр тийш болжээ. Тэр жилээ бас нэгэн бүсгүйтэй нэр холбогдсон нь түүний хүүхдүүдийн ээж Дебби Рөүв байв. Сувилагч бүсгүй Рөүв, Майкл хоёрын гэрлэлт мөн л урт удаан байж чадалгүй гуравхан жилийн настай байв. 
Майкл Жексон 1993 онд 13 настай хүүхдэд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр шүүхэд дуудагджээ. Хожим нь дахин энэ төрлийн хэргээр болон товлогдсон тоглолтоо цуцалснаас болж удаа дараа шүүх хурлын хаалга татсан юм. Энэ мэт олон асуудлууд болон эртнээс өөрийг нь зовоож ирсэн арьс өнгөний өвчнөөсөө болж тэрээр эм тариа байнга хэрэглэх болжээ. 2009 онд Майкл Жексон уран бүтээлдээ эргэн орж, ээлжит аялан тоглолтоо хийхээр бэлтгэлээ базааж байлаа. Харамсалтай нь түүнийг өвчин намдаах эм тунг нь хэтрүүлэн хэрэглэсэнээс амиа алдсан тухай таагүй мэдээ дэлхий нийтээр цацагдсан юм. Амьдралынх нь сүүлийн жилүүдэд ад үзэж, элдвээр доромжилж байсан хүмүүс ч агуу Жексоны алдар хүндийг мэдэрч, эмгэнэн гашуудаж байв.  
Д.Оюунбат
Попын хаан Майкл Жексон
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0