Япон өөрийн өвөрмөц үндэсний өв соёл, контемпорари урлаг болон архитектурын ачаар урлаг сонирхогчдын очих хамгийн их дуртай улс орон билээ. Мандах наран улсад ямар ч улиралд очсон байсан таны соёлын хөтөлбөр маш баялаг байна гэдэгт итгэж болно. Токио, Киото, Осака зэрэг томоохон хотуудад дэлхийн хэмжээний тоолж баршгүй олон музей, галерей байрладаг бөгөөд тэр дундаас бид шилдэг урлагийн газруудыг танд хүргэж байна. Урлагийн арлуудаас эхлээд ойн мод дунд байрлах биширмээр уран баримлууд хүртэлх Японы хамгийн өвөрмөц, үнэ цэнэтэй урлагийн газруудтай танилцаад аваарай.
The Art Islands of Naoshima, Teshima, and Inujima
Япон улсын эдийн засаг эд оргил үедээ байсан 80-аад оны дундуур Соичиро Фукутаке хэмээх тэрбумтан Сето тэнгист тархсан жижиг арлуудыг урлагийн архипелаг болгох санааг дэвшүүлсэн билээ. Түүний санааг хэрэгжүүлэхийн тулд Benesse Holdings, Inc болон Fukutake Foundation гэх томоохон хоёр корпорац хамтран нэгдэж, орчин үеийн уран зураачид, нэрт архитекторууд, уран барималчдыг мөн хамтран ажиллахыг уриалсан юм. Тэдний хамтын хүчин чармайлтын үр дүнд өтгөн сайхан байгальтай арлууд уран-сюрреализмын хэв маягтай болон хувирсан байна. Харин хамгийн сонирхолтой үйл явдлууд Наошима арал дээр өрнөдөг бөгөөд энэхүү арал нь Benesse Art Site Naoshima болон алдарт архитектор Тадао Андогийн шилдэг бүтээлүүдээр алдаршсан билээ. Дараагаар нь та Тешима арал руу явж, Teshima Art Museum-ийн өвөрмөц бүтээлүүдтэй танилцаад Инжума арлын сонирхолтой гэгч Inujima Art House Project-оор зочлоорой.
Та арлууд руу усан онгоцоор хүрч болох бөгөөд урлагийн бүтээлүүд хооронд дугуй, автобусаар аялах боломжтой.
Mori Art Museum
Mori Art Musem нь Токио хотын хамгийн өндөрт байрлах урлагийн музейд тооцогддог. Уг музейгээр зочилсноор та урлагийн бүтээлүүдтэй танилцахын сацуу Токиогийн гайхамшигт гоо үзэмжээр бишрэх болно гэдэгт итгэлтэй байгаарай. Музей нь 54 давхар өндөр шилэн барилгын хамгийн дээд хоёр давхарт байрладаг бөгөөд бүх талаас хот тэр чигээрээ харагдах болно.
Уг музейн зарчим бол дэлхийн өнцөг булан бүрээс цугларсан урлаг нь адил чухал бөгөөд тэгш эрхтэй байдаг юм. Тийм ч учраас музейд өнгөрсөн зууны дунд үеэс эхлэн орчин үеийн уран бүтээлчдийн бүтээлийг толилуулж байна. Энэхүү музейд орчин үеийн Японы урлагийн алдарт нэртэй хүмүүсийн зураг болон олон орнуудаас цугларсан үзмэрүүдийг үзэх боломжтой юм.
Сонирхуулахад, музейн анхны захирал Дэвид Эллиоттын хэлснээр музейд зөвхөн уран зураг төдийгүй гэрэл зураг, кино, архитектур, загвар, дизайны үзэсгэлэн гаргах, залуу уран бүтээлчид, дизайнеруудыг дэмжих, олон улсын солилцоонд оролцох, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа эрхлэх зэрэг ажлуудыг зохион байгуулж байсан билээ.
Дашрамд дурдахад, музейд нэг үзэсгэлэн дахин давтагддаггүй бөгөөд байнга өөрчлөгдөж, шинэ төсөл эхлүүлдгээрээ алдартай юм.
Sapporo Art Park
Өөр нэгэн задгай агаарт байрлах гайхалтай музей бол хамгийн хойд арал болох Хоккайдо арал дээр оршиж байна. Хүмүүс ихэнхдээ дулаан улиралд зорьж очдог бөгөөд ой модоор тойрон хүрээлэгдсэн ойролцоогоор 74 ширхэг урлагийн бүтээлүүдтэй танилцаж болох юм. Эдгээр бүтээлүүдийн дийлэнх нь Япон хүмүүсийн сэтгэлзүйг төгс илэрхийлсэн байна. Мөн энэхүү урлагийн цэцэрлэгт хүрээлэнд та зөвхөн бүтээлүүдтэй танилцахаас гадна өөрийн уран бүтээлээ бүтээх бүрэн боломжтой билээ. Тухайлбал, та керамик эдлэл, даавуу будах, нэхэх, модон сийлбэр хийх зэрэг сонирхолтой олон хөтөлбөрүүдээс сонголтоо хийгээд цагийг сайхан өнгөрөөж болох юм.
Та уг цэцэрлэгт хүрээлэн рүү Саппоро хотоос галт тэрэг эсвэл автомашинаар хялбархан очих боломжтой.
Miho Museum
Японы хуучны нийслэл Киото хотод амарч байгаа бол хотоос нэг цаг орчим зайд үзэсгэлэнт газар орших Miho музей рүү нэг өдрийн аялал хийхийг зөвлөж байна. Музейн үзэсгэлэнд Японы болон эртний Египет, Баруун Ази, Грек, Ром, Өмнөд Ази, Хятад гэх мэтчилэн олон уран зургууд багтсан юм. Музейн дизайн болон түүнд хүрэх замыг Парисын Луврын музейн алдарт шилэн пирамидын зохиогч архитектор Ё Мин Пэй бүтээжээ. Уг музейд очих замдаа жуулчид сакура модоор хүрээлэгдсэн гудамжаар дайрах бөгөөд дараа нь хонгил болон гүүр давах хэрэгтэй байдаг.
Танд анхааруулахад, үзмэрүүд ойр ойрхон солигддог бөгөөд музей мөн маш жигд бус хуваарьтай ажилладаг байна. Тийм учраас хэрэв та уг музейд зочлохоор шийдсэн бол албан ёсны вебсайт дээрх хуваарийг сайтар нягталж шалгаарай.
MOMAT
Энэхүү орчин үеийн урлагийн музей нь Японы томоохон урлагийн музейн нэг юм. Хэрэв та Токио хотыг зорих төлөвлөгөөтэй бол уг музейд заавал зочлох хэрэгтэй юм шүү. Учир нь энд та Японы урлагтай илүү ойр танилцаж, урлагийн талаарх мэдлэг тань арвижих болно. Музейд ХХ зууны 90-ээд оноос өнөөг хүртэл бүтээгдсэн Японы уран зураачдын бүтээлийн өргөн цуглуулга багтсан байна.
Дөрвөн давхарт байрлах үзэсгэлэнгээр аяллаа эхлүүлсэн нь зүйтэй юм. Дараагаар нь доошоо бууж, та Японы урлагийн илэрхийлэл хэрхэн өөрчлөгдөж байсныг харах болно. Түүнчлэн алдарт Рюзабуро Умехара, Ёкояма Тайкан, Рюсей Кишида зэрэг уран зураачдын зурсан содон бүтээлүүд бол асар том музейн үзэсгэлэнгийн багахан л хэсэг юм.
Эх сурвалж: Buro247
Японы шилдэг 5 урлагийн газар |
|