Товч баримт
Овог, Нэр:
Элизабет Александра Мэри
Ажил, мэргэжил:
Хатан хаан
Төрсөн он, сар, өдөр:
1926.04.21
Төрсөн газар:
Англи улс, Лондон
Амьдралын эхэн үе
Хатан хаан Элизабет Александра Мери 1926 оны дөрөвдүгээр сарын 21-нд Лондон хотноо VI Жорж хааны гэр бүлд төржээ. Түүний эцэг хунтайж Альберт нь V Жорж хаан болон Хатан хаан Мери нарын гуравдугаар хүү юм. Элизабет хүүхэд байхаасаа л язгууртны амьдралаар амьдарч ирээдүйн их хатан хааны амьдралын эрх ямбат байдлаар хүмүүжсэн аж. Хатан хааны бага насны амьдрал түүний төрөлх гэр болон Лондоны язгууртны танхимын дунд өнгөрсөн гэдэг. Элизабетийг багад нь Лилибет гэдэг байжээ. Лилибет болон түүний дүү охин Маргарет нар гэрээр боловсрол эзэмшсэн бөгөөд бүхий л ерөнхий мэдлэг тэр дундаа франц хэл, математик, түүхийн ухаанд онцгой ач холбогдол өгч суралцсан байна.
1936 онд түүний амьдралд томоохон өөрчлөлт гарч өвөг эцэг V Жорж хаан насан эцэслэв. Учир нь бяцхан Лилибет өвөөтэйгөө маш дотно өсчээ. Өвөг эцэг нь нас барсны дараа хаан ширээ эзгүйрч түүний авга VIII Эдвард хаан ширээнд заларчээ. Гэвч Эдвард хаан Валлис Симпсон хэмээх америк бүсгүйд сэтгэл алдарснаар хаан ширээг эсвэл хайр дурлалаа сонгох хүндхэн тавилантай тулгарсан ч тэрбээр хувийн амьдралаа сонгож хаан ширээг Элизабетийн эцэг VI Жорж хаанд шилжүүлжээ.
Дэлхийн 2-р дайны үе
Хатан хаан Элизабет энэ цаг үеийн амьд гэрч. Хоёрдугаар дайны үед Элизабет болон түүний дүү гүнж Маргарет нар Лондоноос дүрвэж Виндсор цайзад амьдарч байсан түүхэн баримт бий. Дайны он жилүүдэд хамгийн ихээр хохирсон хүмүүс бол энгийн иргэд тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүд байсан тул Элизабет 14 настайдаа анх удаа радио нэвтрүүлэгт ярилцлага өгч “ Энэ бүхэн удахгүй дуусч бүх зүйл сайхан болно. Бурхан биднийг ивээж энх тайван, ялалт ирэх болно” гэж хэлж байжээ. Ийнхүү бяцхан Лилибет анх удаа өөрийн байр сууриа илэрхийлж олон нийтийн үйл ажиллагаанд оролцож эхлэв. 1942 онд цэрэг татлагын ажиллагаанд, цаашлаад албан ёсны олон арга хэмжээнд оролцжээ. Түүнчлэн 1945 онд армид эмэгтэйчүүд ч оролцоотой байхыг санаачлан цэргийн арын алба болон механик ажлуудыг даалгахаар эмэгтэйчүүдийг цэргийн албанд татаж эхэлсэн байна. Тэрээр өөрөө ч сайн дурын ажилд оролцож эхэлснээр язгууртнууд энгийн иргэдээс хол хөндий гэх бодлыг өөрчилж чаджээ. Элизабетийн эхлүүлсэн ажил бүрийг дүү Маргарет нь идэвхтэй дэмжиж байсан нь түүнд ихээхэн итгэл өгч байсныг тэрээр дурссан байдаг.
Хатан хаан дайны дараахь он жилүүдэд Европын орнуудын харилцааг сайжруулахааролон ажил санаачилжээ. Эдгээрээс 1965 онд Герман улсад ИБУИНВУ-аас тавь гаруй жилийн дараа анхны айлчлалыг хийж хоёр орны хоорондын харилцааг сэргээж чадсан нь түүхэнд тодоор тэмдэглэгдсэн байдаг. Тус айлчлал амжилттай болсны дараа 1970-1980 онд дэлхийн бусад улс оронд олон удаагийн айлчлал хийж улс орнуудын хоорондох дипломат харилцааг шинэ шатанд гаргаж чадсан юм.
Гэрлэлт
Түүний амьдралын шинэ давалгаа болох гэрлэлт нь гэнэтийн шийдвэр байгаагүй юм. Учир нь тэдний гэрлэлт аль хэдийнээ гэр бүлүүдийн хооронд төлөвлөгдсөн байв. Хосууд язгууртны гэр бүлээс гаралтай байх нь хамгийн чухал байжээ. Тэрээр ирээдүйн нөхөртэйгөө анх 13 настайдаа танилцаж, хүүхэд наснаасаа бие биеэ мэдэх тул тэдний дунд хайр сэтгэл аажимдаа бий болжээ. Ханхүү Филип бол Элизабетийн эхийн талд өргөгдөж ирсэн холын хамаатан нь юм. Элизабет даруу, намбалаг нэгэн байсан бол Филлип яриасаг хөдөлгөөнтэй хөвгүүн байжээ. Түүнчлэн эрх мэдэл, эд хөрөнгөд дуртай, түүнчлэн бага зэрэг ширүүн зан авиртай байсан тухай зарим эх сурвалжид дурьдсан байдаг.
Тийнхүү 1947 онд Эдинбургийн хунтайж Филлип Маунтбэттэнтэй гэрлэж Вест Минестрийн шилтгээнд хуримлажээ. Улмаар хүү Чарлез, Эндрью, Эдвард болон охин Энни нар нь мэндэлсэн юм. Хүүхдүүдээсээ ирээдүйн Уэльсийн хунтайжаар Чарлезийг нэрлэж, 1969 онд хунтайжид өргөмжилжээ. Харин хунтайж Чарлес хожим 1981 онд 19 настайдаа Диана Спенсэртэй гэрлэснээр өнөөгийн ханхүү Уилльям болон Харри нар мэндэлсэн юм. Тухайн үед тэдний гэрлэлтийг язгууртан угсааны үүднээс хүлээн зөвшөөрөх гэж багагүй дуулиан дэгдсэн. Харин өдгөө хатан хааны үр удам өргөжиж, хан хүү Уилльям түүний гэргий Уилльсийн гүнж Кет Мидлтон болон тэдний хүү, охин нар олон нийтийн анхаарлын төвд байсаар байна.
Хатан хаан болсон нь
1952 онд VI Жорж хаан таалал төгсчээ. Харамсалтай нь Элизабетийг Кени улсад айлчлал хийж байхад эцэг нь насан эцэслэсэн юм. Ийнхүү Элизабет албан ёсоор хатан хааны ширээнд залрав. Тэрээр тус оны хоёрдугаар сарын зургаанд хатан хаанаар өргөмжлөгдсөн ба 1953 оны зургаадугаар сарын хоёрны өдөр албан ёсоор титмээ хүлээж авчээ. Тэрээр нийгмийн олон өөрчлөлтийг өөрийн биеэр туулж байгаа бөгөөд түүхэн цаг хугацааны шинэчлэлүүдийн амьд гэрч билээ.
Түүнийг хатан хааны ширээнд залснаас хойш Их Британи улс амар жимэр ард иргэдийн амьдралын тайван байдал өмнөхөөсөө хамаагүй илүү болсон. Түүнчлэн улс орны хөгжил цэцэглэлт ч мөн хурдацтай өсч өнөөгийн өндөр хөгжилтэй улс орнуудын тоонд бичигдэхэд хатан хааны оруулсан хувь нэмэр асар их гэдгийг хэлэх нь зүйтэй.
Хатан хаан хэдийгээр парламентэд шууд оролцоогүй ч тухайн цаг үед ажиллаж байсан ерөнхий сайд нартай тун сайн ойлголцож чухал шийдвэрүүдийг гаргаж чаддаг байв. Түүнийг зөвхөн төрийн бэлгэ тэмдэг бус жинхэнэ улстөрч эмэгтэй гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрдөг. Хатан хаан энэ хугацаанд 12 парламенттай хамтран ажилласан ба тэдгээрээс хамгийн алдартай ерөнхий сайд нараас дурьдвал Уинстон Чөрчель, Маргарет Тэтчер, Тони Блэйр болон өнөөгийн ерөнхий сайд Дэвид Камерон нар юм.
Орчуулсан Э.МӨНХНАСАН