Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Фэйсбүүкийн эзэнт гүрнийг үндэслэгч МАРК ЗҮКЕРБЕРГ
7 жил өмнө   8150
Товч баримт
 
Овог, Нэр:
Марк Эллиот Зүкерберг
 
Ажил, мэргэжил:
Бизнесмэн, компьютер програмист
 
Төрсөн он, сар, өдөр:
1984.05.14
 
Төрсөн газар:
Нью-Йорк муж, Вайт плейнс
 
Амьдралын эхэн үе
Марк Зүкерберг 1984 оны тавдугаар сарын 14-нд АНУ-ын Нью-Йорк мужын Вайт плейнс гэдэг газар төржээ. Тэрбээр маш өндөр боловсролтой жирийн нэгэн Еврей гэр бүлээс гаралтай юм. Түүний эцэг Эдвард Зүкерберг шүдний эмч, ээж Карен нь сэтгэл мэдрэлийн эмч мэргэжилтэй. Зүкерберг гурван дүүтэй ба Ранди, Донна, Ариэль нар юм. 
Зүкерберг багаасаа л компьютерт сонирхолтой нэгэн байв. Дөнгөж 12 настай байхдаа Атари Бэсик-ийг ашиглаж “Закнэт” хэмээх мэссэнжерийн программыг зохиож байлаа. Хүүгийнхээ зохион бүтээсэн тэрхүү программыг аав нь өөрийн эмнэлэгтээ ашигладаг байжээ. Ингэхдээ эмнэлгийн угтагч шинэ өвчтөнүүдэд заавар өгөх, өөр өрөөнөөс дуудах, эм уух цаг болсон зэрэгт зориулагддаг байв. Түүнчлэн Закнэт-ийг тэдний гэрийнхэн гэр дотроо ашигладаг байсан төдийгүй найзууд нь цөөн хүрээнд хэрэглэж байсан тухай хожим ярьжээ. Энэ мэтчилэн түүний алхам бүрийг дэмжиж байсан хүмүүсийнхээ сэтгэлийн дэмээр тэрбээр улам илүү ихэд тэмүүлж шинийг оролдох болов. Хүүгийнхээ хүсэл эрмэлзлийг орж харсан эцэг эх нь түүнийг хувийн багштай болгож гэрээр компьютер судлах нөхцлийг нь бүрдүүлжээ. Маркийн гэрийн багш Девид Ньюман хожим ярихдаа “Тийм их хүсэл эрмэлзэл, авьяастай хүүтэй таарна гэж бодоогүй” гэжээ. 
Марк Зүкерберг хичээлийнхээ хажуугаар Мерси коллежийн компьютерын ангид давхар суралцдаг байв. Түүний дараагаар Нью Хэмпшир муж дахь “Филлипс Эксэтер Академи”-д суралцсан байна. Суралцах явцдаа өөрийн чадах бүхий л зүйлсээ үзүүлж улмаар сургуулийнхаа оюутны зөвлөлийн тэргүүн болов. Нэгэнт программын чиглэлд багаасаа сонирхолтой байсан нь зөвхөн фэйсбүүкээр хязгаарлагдахгүйн нэг жишээ бол өнөөдөр мөн амжилттай яваа Пандора хөгжмийн суваг юм. Марк ахлах сургуульд байхдаа Пандорагийн программыг зохион бүтээсэн гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй. Энэ программ анхандаа Синапс гэж нэртэй гарчээ.  
Түүнийг их сургуулиа төгсөхөөс өмнө Майкрософтоос хүртэл ажиллах  санал ирсэн боловч Марк татгалзсан аж. Тэрбээр зөвхөн компьютерийнн хорхойтон байгаад зогсоогүй уран зохиолд нугасгүй дуртай, сонгодог уран зохиолыг маш сайн судалсан нэгэн юм.
 
Харвардын оюутан Зүкерберг
Эксэтэр коллежийг 2002 онд төгссөний дараа Харвардын их сургуульд элсэн  оржээ. Хоёрдугаар дамжааны оюутан байхаасаа сургуулийнхаа компьютерийн ангийн лигт орж өөрийн амжилтаа албан ёсоор эхлүүлсэн гэж хэлдэг. Тухайн үеэс сургуулийнхаа кампуст өөрийн зохиосон программуудаа нэвтрүүлж эхэлсэн байна. Түүний анхны амжиттай болсон программ нь “Course Match” байсан ба үүний тусламжтайгаар оюутнууд хичээл сонголтоо хийх болон сургуулийн холбогдолтой бусад мэдээллүүдийг авдаг байв. 
Харин фэйсбүүкийн анхны хувилбар болох Фэйсмаш-ийг  мөн л тус сургуулийн оюутнуудын хүрээнд ашиглаж эхэлсэн бөгөөд ингэхдээ хоёр хүний зураг оруулж хэн нь илүү сэтгэл татам байгаад нь саналаа өгөх байдлаар хэрэглээнд нэвтрүүлжээ. Төд удалгүй тус программ өргөн цар хүрээг хамарч эхэлснээр сургуулийн удирдлагууд боловсролын орчинд тохирохгүй зүйл гэж үзэн хаасан байна. Энэ явдлын дараагаар түүний хэсэг нөхөд болох  Дивиа, Нарэндра болон ихэр ах дүүс Тэйлор, Камерон нар нийгмийг сүлжээний сайт болгон өргөжүүлж Харвард коннекшн болгон өөрчилжээ. Хэсэгтээ энэ сайтыг цахим танилцах сүлжээ болгон хэрэглэж үүнийгээ “Харвард элит” гэж нэрлэж байв. 
Төд удалгүй Зүкерберг болон түүний нөхөд зөвхөн сургуулийн  хэмжээнээс хальсан, олон нийтэд зориулагдсан нийгмийн сүлжээний сайт болгон өнөөгийн бидний хэрэглэж байгаа фэйсбүүкийг нээжээ. Хүн бүхэнд нээлттэй учир сайт хувь хүний мэдээлэл, зураг татаж оруулах, сэтгэгдэл бичих, чатлах зэрэг бусад хэрэглээний программ бүхий сайт болсон юм. Харамсалтай нь 2004 онд сургуулиа орхиж зөвхөн фэйсбүүкийг хөгжүүлэхэд цаг хугацаагаа зарцуулж эхлэв. 
 
Фэйсбүүкийн Зүкерберг
Тус оны зургадугаар сараас тэрээр Калифорниа мужийн Пало Алто хотруу нүүж компаний ажилдаа анхаарал хандуулах болсоноор нэгхэн жилийн дотор фэйсбүүк хэрэглэгчидийн тоо аль хэдийнэ нэг сая гарсан байлаа. Сургуулиа орхисон хоёрдугаар курсийн оюутанд 2005 онд хамгийн анхны томоохон санал ирсэн нь Ассел Партнерс-аас хөрөнгө оруулалт хийх санал хүлээн авсан явдал болов. Энэ компани Зүкербергт 12.7 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг сүлжээгээ өргөсгөхөд нь санал болгосон юм. Мэдээж хэрэг түүнд ийм том боломж өмнө нь хэзээ ч тохиож байгаагүй нь ойлгомжтой. Томоохон саналыг хүлээн авч хамтран ажиллаж эхэлснээс хойш 2005 оны сүүл гэхэд фэйсбүүкийг ахлах сургууль болон, коллеж, их сургуулийн буюу идэвхтэй интернэт хэрэглэгч 5.5 сая гаруй хүн тогтмол хэрэглэдэг болжээ. Чамлахааргүй амжилттай ажиллаж эхэлсэн учир олон компаний хамтрах саналууд ирлээ. Гэвч Зүкерберг ямар нэгэн зүйлээс хамааралгүй байхыг илүүд үзэж хэнтэй ч хамтралгүй зөвхөн төслөө илүү сайжруулахад анхаарлаа хандуулсаар байв. 
Аливаа зүйл хөгжлийн явцдаа саад тотгортой таардаг нь Зүкербергт 2006 онд тохиосон гэж хэлж болно. Харвардад цуг суралцаж, сургуулийн орчинд ажиллуулж байсан сайтын хамтрагч асан нөхөд нь түүнийг өөрсдийн санааг хулгайлсан гэж мэдэгдсэн юм. Энэ хэрэг багагүй хугацаанд шүүхээр үргэлжилсэний эцэст түүнийг санаатайгаар бусдын санааг хулгайлсан гэж дүгнэжээ. Энэ бүх явдлын дараагаар Зүкерберг хүлцэл өчиж “Хэдийгээр намайг бусдыг санааг хулгайлсан гэж тогтоосон боловч үүнийг хөгжүүлэхэд би маш их хөдөлмөр, цаг хугацаа зарцуулсан юм шүү дээ” хэмээн хэвлэлд ярилцлага өгсөн байна. Энэ мэтчилэн хэл ам тасралгүй 2011 он хүртэл түүний нэр төрд сэвтэй мэдээллүүд мэр сэр гарсаар л байв. Бусдын санааг хулгайлагч, гэнэт баяжигч гэх мэтээр шар хэвлэлүүд түүнийг нүдсээр л байсан юм. Тэр болгонд нь Закерберг хэвлэлүүдэд мэдээлэл хийж няцааж байлаа. 
2010 онд Марк Зүкербергийг Тайм сэтгүүлээс оны онцлох хүнээр нэрлэсэн юм. Тэгвэл Форбес сэтгүүл шилдэг сэтгэгч 100 хүний жагсаалтад түүнийг 35 дугаарт бичсэн байдаг бол Apple-ийн үндэслэгч Стив Жобс 40 дүгээрт бичигдсэн нь бас л  шуугиан тарьсан  мэдээлэл болж байв. Тэр онд Зүкербергийн орлого 6.9 тэрбумд хүрч залуу тэрбумтнуудын эгнээнд албан ёсоор бичигдэх болсон юм. 
 
Хандивлагч Зүкерберг
Залуу тэрбумтан олсон орлогоосоо багагүй хувийг сайн үйлсэд хандивлах боллоо. Ялангуяа 2010 оноос хойш дайны хөлд нэрвэгдэгсэд, ядуу буурай орнуудын тарчиг амьдралтай хүүхдүүдэд боловсрол олгоход, гоц халдварт өвчинтэй тэмцэж буй иргэдэд өөрийн компанийн орлогоосоо тогтмол хандив өргөсөөр байгаа юм. Түүний хамгийн анхны томоохон хандив нь 2010 оны есдүгээр сард Нью Жерси дэх Ньюварк сургуулийг сэргээн засварлахад зориулсан 100 сая ам.доллар. Түүнчлэн тус оны арванхоёрдугаар сард өөрийн олсон бүх орлогынхоо 50 хувийг амьдаралынхаа туршид сайн үйлсэд хандивлах болно гэсэн амлалт  өгч үүнийгээ гарын үсэг зуран баталгаажуулж байсан. Түүн шиг ийм амлалт өгсөн тэрбумтнууд Билл Гейтс, Уаррен Баффет болон Жорж Лукас нар юм. Одоогийн байдлаар Зүкерберг ийм амлалт өгсөн хамгийн залуу хандивлагч болоод байгаа юм. Сайн үйлсийн төлөөх хандивын ажлынхаа үр дүнг тэрээр хэлэхдээ “Бидний хандивлаж буй мөнгө ирээдүйдээ хийж байгаа хөрөнгө оруулалт юм. Хүүхдүүдийн боловсролд оруулж буй өнөөдрийн хөрөнгө оруулалт бидэнд эргэн ирэхдээ маш үнэ цэнэтэй болсон байх болно” гэжээ.
 
Хувийн амьдрал
Марк Зүкерберг зөвхөн амжилттай залуу тэрбумтан байхад анхаарлаа хандуулахаас гадна хувийн амьдралаа ч энэ  хооронд зохицуулж чадсан юм. Тэрбээр 2012 оны тавдугаар сарын 19-ны өдөр сүйт бүсгүй Присцилла Чантай гэрлэлээ. Тэд 2003 оноос хойш үерхэж эхэлсэн бөгөөд Харвардад суралцаж байхдаа танилцаж байжээ. Присцилла Чан нь америкт төрсөн хятад бүсгүй юм. Тэд хуримын ёслолоо нууцлаг гэмээр сонирхолтой байдлаар хийсэн ба ингэхдээ ойр дотны хүмүүсээ Присциллагийн сургуулийн төгсөлтийн баярт хүрэлцэн ирэхийг урьсан урилга өгчээ. Ийнхүү 100 орчим зочинтой даруухан хурим болсон юм. 
Хосууд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард охинтой болж ам бүл нэмсэн. Охинтой болсны дараагаар хосууд фэйсбүүкээс олсон орлогынхоо 99 хувийг хандивын үйлсэд зарцуулах болохоо мэдэгдсэн нь үнэхээр хэний ч таамаглаагүй мэдээлэл болсон юм. Тэд энэ тухайгаа мэдэгдэхдээ “Бидний зүгээс дэлхийн өнцөг булан бүрт байгаа ямар нэг зүйлээр гачигдаж буй хүүхдүүдэд багахан ч болов тус болох байх гэж найдаж байна. Бид дараагийн үедээ илүү сайхан ирээдүй бэлэглэхийг л хүслээ” гэж хэлжээ.
Орчуулсан Э.МӨНХНАСАН
 
Фэйсбүүкийн эзэнт гүрнийг үндэслэгч МАРК ЗҮКЕРБЕРГ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Bat-erdene [202.9.40.163] 4 жил өмнө
    Таалагдлаа