Эрдэмтэд сарны гадарга дээр Нэйл Армстронг, Базз Алдрин нарын 55 жилийн өмнө бууж байсан газраас холгүй нэгэн агуйг илрүүлжээ.
Ирээдүйн сансрын нисгэгчдэд оромж болгон ашиглах боломжтой ийм агуй хэдэн зуугаараа байгаа гэж тэд үзэж байгаа юм байна.
Италийн эрдэмтдийн тэргүүлсэн баг сарны хамгийн нам дор хэсгээс нэвтрэх боломжтой томоохон агуйг илрүүлснээ Даваа гарагийн Nature Astronomy сэтгүүлд зарлажээ.
Энэ нь Аполло 11 хөлгийн багийн буусан газраас ердөө 400 км зайтай, Амар амгалангийн тэнгисийн (Sea of Tranquility) сав газарт байрладаг юм байна.
Лаавын сувгууд нурснаас үүссэн ийм агуй тэнд 200 гаруй байх боломжтой гэж эрдэмтэд дүгнэжээ.
Тэд НАСА-гийн Lunar Reconnaissance Orbiter хиймэл дагуулын радарын хэмжилтийг шинжилж, дэлхий дээрх ижил төстэй лаавын суваг, хоолойнуудтай харьцуулсан юм байна.
Судалгааны эхний үр дүнд 40 метрийн өргөн, хэдэн арван метр үргэлжилсэн урттай агуй байгааг тогтоожээ.
“Сарны агуйнуудын талаар таамаг сүүлийн 50 гаруй жил яригдсан. Эцэст нь үүнийг баталж чадсан нь гайхалтай юм” гэж судалгаанд оролцсон Италийн Трентогийн Их сургуулийн Леонардо Каррер, Лорензо Бруззоне нар бичсэн байна.
Ийм агуйнууд сарны өмнөд туйлд бас байх магадлалтай гэж тэд дүгнэжээ.
Энэ хэсэгт АНУ-ын сансрын нисгэгчид энэ арваны сүүлийн хагаст буухаар төлөвлөж байгаа юм.
Байнга сүүдэрт байдаг агуйнуудад мөс агуулагдаж байх магадлалтай тул сансрын нисгэгчид ундны ус, пуужингийн түлшинд ашиглах боломжтой гэнэ.
Ийм агуйнууд сансрын нисгэгчдийг хорт цацраг туяа, бичил солирын цохилтоос хамгаалах байгалийн оромж болох боломжтой юм байна.
Хамгаалалтын оромжийг сарны гадарга дээр шинээр байгуулахад цаг хугацаа их шаардах ба барилгын чанар, даацын асуудал ч шийдвэрлэхэд хэцүү байх гэнэ.
Үүнээс гадна агуйн доторх чулуулгийн бүтэц сарны үүсэл хөгжил, галт уулын идэвхжлийн нөлөөг судлахад чухал материал болох ажээ.
Эх сурвалж: Associated Press
Эрдэмтэд саран дээр ирээдүйн сансрын нисгэгчдийг байрлуулах боломжтой агуй илрүүлжээ |
|