Сүхбаатарчууд хандлагаа өөрчилж, хоггүй сайхан нааддаг боллоо. Өнгөрөгч сарын сүүлээр төрийн тахилгат Алтан Дарь овоогоо тахих үеэр тус аймгийн БОАЖГ-аас “Хандлагаа өөрчилж хамтдаа хамгаалья” уриа дэвшүүлэн, наадмын өдрүүдэд хоггүй цэвэрхэн байлгахад бүхий л боломжтой арга хэмжээг авч ажилласан юм.
Тухайлбал, наадмын талбай болон отгуудыг тойруулан нийт 20 гаруй түр хогийн цэг байршуулж, 5000 ширхэг хогийн уут наадамчдад тарааж, “НЭГ УУТ ХОГ-НЭГ СУГАЛАА” аяныг зохион байгууллаа. Уг аянд давхардсан тоогоор 800 гаруй хүүхэд оролцон, 12 тн хог цуглуулснаар наадмын талбай болон морь барианы газар хоггүй цэвэрхэн байж, хогийг дахин ашиглаж болдог юм байна гэсэн сэтгэлгээг хүүхэд багачуудад суулгаж өгснөөрөө ач холбогдолтой байлаа.
Унадаг дугуй, скутер, ролик гэхчлэн сугалаа бүр хонжвортой “Нэг уут хог-Нэг сугалаа” аяныг сүхбаатарчууд өмнө нь үндэсний баяр наадмаар зохион байгуулсан нь мөн үр дүнгээ өгч байсан юм.
Ц.ОРГИЛ
Алтан Дарь овоогоо тахих үеэр Сүхбаатар аймгийн хүүхдүүд 12 тонн хог цуглуулжээ |