БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тэргүүтэй УИХ, Засгийн газар, ойн салбарт хэрэгжүүлж буй UN-REDD Үндэсний хөтөлбөрийн төлөөлөгчид Канад Улсын Бритиш Колумбиа мужид болсон ойн салбарын бодлого боловсруулагчдын туршлага солилцох уулзалтад оролцлоо.
Уулзалтад Канадын талаас тус улсын Ой, газар, байгалийн нөөц болон орон нутгийн хөгжлийн сайд Доуг Доналдсан, тус яамны Уур амьсгал, нэгдсэн төлөвлөлтийн газрын дарга Томас Вайт нар болон Бритиш Колумбиа Их сургуулийн эрдэмтэд оролцсон юм.
Уулзалтын үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тэргүүтэй Монголын төлөөлөгчид Канадын Ой, газар, байгалийн нөөцийн яамны үйл ажиллагаа болон орон нутгийн хөгжлийн яамны 2015-2020 он хүртэлх уур амьсгалын өөрчлөлтийн стратегитэй танилцаж, хамтран ажиллахаар санал солилцсон байна. Үүний үндсэн дээр ойн доройтол, хомсдлыг бууруулах бодлого, арга хэмжээг боловсруулах, Монгол орны UN-REDD+ Үндэсний стратегийн цаашид сайжруулах шаардлагатай асуудлуудыг тодорхойлж, хэрхэн шийдвэрлэж болох талаарх мэдээллийг Засгийн газарт тайлагнахаар болсон байна.
Канадын ойн салбарын төлөөлөгчид тус улс нь аливаа Бодлого боловсруулахдаа ой болон байгалийн шинжлэлийн чиглэлээр хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, ойг зөвхөн модон материал гэж харах биш экосистемийн түвшинд цогцоор нь авч үзэх, дээрээс доош хяналт бүхий шийдвэр гаргах ойлголтоос татгалзаж, хамтын оролцоотой шийдвэр гаргах, ойгоос гарч буй түүхий эдээр нэмүү өртөг шингээсэн, хүмүүсийн хэрэгцээнд суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэгт анхааран ажиллаж байгааг онцлов.
Түүнчлэн Канад улсын Бритиш Колумбиа их сургуулийн төлөөлөгчид ойн салбарын өнөөгийн төлөв байдал болон судалгаа, боловсрол, бодлого, практикийн уялдаа холбоо, Бритиш Колумбиа дахь ойн менежмент, ой хээрийн түймэр болон хортон шавьжийн менежментийн талаарх ерөнхий мэдээллийг ч Монголын төлөөлөгчдөд өгчээ. Улмаар хамтын ажиллагааны хүрээнд тус улсад ой, байгалийн нөөцийн менежментийн чиглэлээр мэргэжилтнүүдийг ахисан түвшний сургалтанд хамруулах боломжийг авч хэлэлцлээ.
Ц.ОРГИЛ
Ойн салбарт Канад улсын туршлагыг нэвтрүүлнэ |