Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Р.Ганбат: Энэ жил дөрвөн аймгийн зургаан суманд самар түүхийг зөвшөөрсөн
6 жил өмнө   2313
2012 онд Ойн тухай хууль шинэчлэгдэж, дагаж мөрдөх журмууд шинэчлэгдэн батлагдсанаар хуш модны самрыг түүж бэлтгэх, ашиглах, үйлдвэрлэл явуулах, экспортлох эрх зүйн орчин бүрдсэн байдаг. Тиймээс жил бүр БОАЖ-ын яамнаас самар түүх газар нутгийг бүсчлэн тогтоож өгдөг байна. Тэгэхгүй бол ард иргэд ой модруу ороод л өөрсдөө түүчихнэ гэсэн ойлголттой байдаг аж. Хуш модны самар жил бүр элбэг ургацтай байдаггүй бөгөөд 4-5 жилийн хугацаанд боргоцой нь үрээ өгч тэр жил ургац арвинтай их үрийн жил болдог байна. Тухайн орон нутгийн иргэд нэг модон дээрх бүх самрыг түүхийг боддог. Заавал тухайн модон дээрээ самрыг үлдээж байх ёстой. Хуш мод сэргэн ургаж байх, ойн  жигүүртэн шувуу, ойн амьтдын идэш хоол болж байх байгаль экологид маш өндөр ач холбогдолтой байдаг. Үүнд байгалийн хүчин зүйл ч нөлөөлдөг төдийгүй тухайн жилийн ургац алдагдах үе ч байдаг аж. Өнгөрсөн 2016, 2017 онд хуш модны самрын ургац харьцангуй элбэг байсан ба үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар тухайн бүсчлэн тогтоосон газар нутагт түүх эрх нь нээлттэй байжээ. Харин энэ жилийн тухайд судалгаа шинжилгээний байгууллага, аймгийн байгаль орчны газар, сумын ойн ангийн газраас мэдээ авч судалгаа хийхэд энэ жил үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарчээ. Тиймээс хуш модны самрыг ахуйн зориулалтаар 4 аймгийн 6 сумын  газар нутагт түүж болно гэсэн  сайдын тушаал гарсан байна. Энэ талаар БОАЖ-ын яамны Ойн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Р.Ганбатаас тодруулсан юм.
 
 
-Иргэд хуш модны самрыг ахуйн зориулалтаар ямар, ямар газруудаас түүж болох вэ?
 
-Архангай аймгийн Жаргалант сум, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум, Хөвсгөл аймгийн Жаргалант, Галт, Тариалан сум, мөн Увс аймгийн Хан Хөхийн нурууны Байгалийн цогцолборт газар зэрэг газруудад иргэд ахуйн зориулалтаар самар бэлтгэхийг зөвшөөрсөн сайдын тушаал гараад байгаа.
 
-Самрыг дээр дурдсан зургаан газраас хэзээнээс, ямар хугацаанд түүж, бэлтгэх боломжтой вэ?
 
-Хуш модны самрыг ойн дагалт баялаг гэж үздэг. Энэ дагалт баялгийг зохистой ашиглах, хамгаалах журамд зааснаар 9 дүгээр сарын 10-наас дараа оны 3 дугаар сарын 15-ны хооронд бэлтгэхээр тогтоосон байдаг. Гэхдээ тухайн орон нутгийн байгалийн хүчин зүйл онцлогоос шалтгаалаад хуш модны самар маань харилцан адилгүй хугацаанд боловсорч гүйцдэг учир энэ хугацааг тухайн сумын Ойн хамгаалагч зохицуулалт хийж түүх эрхийг олгодог.
 
-Самар түүх зөвшөөрлийг хаанаас авдаг вэ?
 
-Тухайн сум, орон нутгийн Байгаль хамгаалагч юм уу, Ойн ангиас самар ашиглах эрхийн бичиг авснаар самар түүх эрх үүснэ. Энэ эрхийн бичгийг авахын тулд нэг килограмм тутамд 500 төгрөгний байгалын нөөц ашигласны татвар төлсөн байх ёстой. Мөн хуш модны самар түүхдээ иргэд эрхийн бичгийг бусдад шилжүүлэхгүй байх, зөвшөөрөгдсөн хэмжээ болон хугацааг хэтрүүлэхгүй байх, самар бэлтгэх газрыг өөрчлөхгүй байх, байгаль орчин бохирдуулж, мод сөөгийг хугалж гэмтээхгүй байх. Мөн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зааврыг зөрчихгүй байхыг анхаарч байгаль хамгаалагчаас чиг үүрэг авсан байх ёстой. 
 
-Нэг иргэн хэдэн килограмм самар бэлтгэх ёстой байдаг вэ?
 
-Иргэн хүн 25 хүртэлх килограмм самар бэлтгэх эрхтэй. Харин үйлдвэрлэлийн зориулалтаар самар бэлтгэх эрх бүхий байгууллага тухайн газрын нөөцийнх нь 40 хүртэл хувийг ашиглаж болно гэсэн хуулийн зохицуулалттай байдаг. Гэхдээ самрыг түүхдээ ахуйн зориулалтаар бэлтгэх гэж байгаагаа Байгаль хамгаалагчдаа мэдэгдэж, урьдчилаад Байгалийн нөөц ашигласны төлбөрөө төлөөд, самар түүх зөвшөөрөл авах ёстой байдаг. Гэвч иргэд шууд ой руу ороод самар түүдэг. Шалгалтаар ямарч зөвшөөрлийн бичиггүй нь илэрдэг тул хуулийн дагуу хариуцлага хүлээх болдог.
 
-Хууль бусаар самар бэлтгэсэн тохиолдолд ямар арга хэмжээ тооцдог вэ?
 
-Зөвшөөрөлгүйгээр самар түүх юм бол самар жимсээ хураалгана. Мөн Зөрчлийн тухай хуулиар иргэнд 300 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгуул ногдуулдаг. Тиймээс хууль журмын дагуу самар бэлтгэх хэрэгтэй. Мөн тус эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглосон байдаг. Бусдад зарж, ашиг хонжоо хийхийг зөрчлийн тухай хуулиар хориглосон байдаг. Энэ талаарх хууль дүрмийн мэдлэг дутуугаас ахуйн зориулалтаар түүсэн самрыг худалдан борлуулж болдог гэж боддог. Энэ бол буруу ойлголт ахуйн зориулалтаар самар түүсэн бол ахуйн хэрэгцээндээ л зарцуулах ёстой. Энэ мэт буруу ойлголтоос болж иргэд хууль зөрчиж хариуцлага тооцогдож байна.
 
-Самрыг ихэнхдээ иргэд түүгээд байдаг шүү дээ. Үйлдвэрлэлийн зориулалтаар самар түүх эрх бүхий байгууллага иргэдээс самар худалдан авдаг уу? Үүн дээр ямар хяналт тавьж ажилладаг вэ  
 
-Ахуйн зориулалтаар самар бэлтгэх бол үүнийг иргэд түүнэ гэсэн үг. Харин үйлдвэрлэлийн зориулалтаар самар бэлтгэх бол тухайн ойн дагалт баялгийг ашиглан хамгаалах мэргэжлийн байгууллага гэж бий. Тэр мэргэжлийн байгууллага бэлтгэж болно. Мөн ойн санг гэрээгээр эзэмшиж байгаа нөхөрлөлүүд эзэмшлийн талбайгаас түүж болно. Гэхдээ ургац арвин ургаад түүж болно гээд сайдын тушаалаар зөвшөөрсөн тохиолдолд шүү дээ. Иргэдийн бэлтгэсэн самрыг үйлдвэрлэлийн эрх бүхий компаниуд нь худалдан аваад өөрсдөө түүсэн мэтээр ойлгуулдаг. Энэ нь иргэдийг хууль бус зүйлрүү түлхэж байгаа нэг хэлбэр юм. шалгалтаар илэрэх нь амар байдаг. Эрхийн бичгийг нь шалгах явцад хувь хүний нэр дээр түүсэн болох нь амархан илэрчихдэг. Тэгэхээр нөгөө компанийн самрыг хурааж, экологи эдийн засгийн үнэлгээгээр тооцсон нөхөн төлбөр төлдөг. Мөн зөрчлийн тухай хуулиар аж ахуйн нэгжүүд 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль төлдөг.
 
-Иргэдийг зөвшөөрөгдсөн бүсэд, заасан хэмжээнд самар бэлтгэж байгаа эсэхэд хэн хяналт тавьж ажилладаг вэ?
 
-Иргэдийг бүсчилсэн газар нутагт самар түүж байгаа эсэх, хэдэн килограммыг хэзээ түүж байгаад тухайн орон нутгийн Байгаль хамгаалагч, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Ойн анги, Мэргэжлийн хяналтын байгууллага, Цагдаагийн байгууллага хамтраад нар хяналт тавьж ажилладаг.  
Р.Ганбат: Энэ жил дөрвөн аймгийн зургаан суманд самар түүхийг зөвшөөрсөн
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0