Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Ногоон паспорт-Монгол орон даяар” хэрэгжиж эхэллээ
6 жил өмнө   1350

Өсвөрийн байгаль хамгаалагчдыг бэлтгэх “Ногоон паспорт” аяныг өргөжүүлж орон нутгийн хүүхэд залуучуудын оролцоог байгаль хамгаалах үйлсэд нэгтгэх зорилготойгоор Дорноговь аймгийн Хамарын хийдэд энэ сарын 15-ны өдөр “Ногоон паспорт-Монгол орон даяар” аяны нээлт боллоо. Энэ үеэр сурагчдад байгаль орчноо хамгаалах талаар өртөөлсөн сургалт явуулж, мөн Монголын төдийгүй бурхны шашны томоохон энергийн төв болох Хамарын хийдийг танилцуулах аялал зохион байгуулав.

Уг арга хэмжээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Н.Цэрэнбат, Дорноговь, Говьсүмбэр аймгуудаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг, Орон нутгийн ЗДТГ, БОАЖГ, БСУГ, тус аймгуудын ерөнхий боловсролын сургуулийн нийт 300 орчим сурагчдаас гадна Улаанбаатар хотын сурагчдын төлөөлөл оролцсон юм.

Цаашид аялал жуулчлал болон байгаль орчин хамгааллыг хослуулан хөгжүүлэхийн тулд ногоон байгууламж бүхий жилийн дөрвөн улиралд ажиллах боломжтой аялал жуулчлалын цогц бүс байгуулахыг зорьж байгаа аж. Энэ ажлын эхлэлийг ийнхүү дотоодын аялал жуулчлалын гол цөм Хамарын хийдээс эхлүүлж буй талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат онцоллоо. Мөн тэрбээр “БОАЖЯ-наас өнгөрсөн жилээс эхлэн Ногоон паспорт аяныг ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд зарласан. Уг аян нь өрх бүрд өсвөрийн байгаль хамгаалагч, шинэ эриний иргэдийг бэлтгэхээс гадна тогтвортой хөгжлийн зорилтуудад иргэдийн оруулах хувийг нэмэгдүүлэх зорилготой юм. Мөн аяны хүрээнд аюултай хог хаягдал, тэр дундаа батарейг ялгах, ахуйн хог хаягдлыг ангилах, ус, эрчим хүчээ хэмнэх зэргийг байнгын үйл хэрэг болгохыг зорьж байна. Түүнчлэн тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэх, байгалийн шавхагдах нөөцийг удаан хугацаанд тогтвортой ашиглах ухагдахууныг хүүхдүүдэд төлөвшүүлнэ. Тиймээс “Ногоон паспорт” аяныг Монгол орон даяар эхлүүлж байна. Ингэснээр хүүхдүүд ус, эрчим хүчээ хэмнэх, хог хаягдлаа ангилах, аюултай хог хаягдлаа ялгах гэх мэт олон дадал хэвшлийг өөрсдөө албан бусаар сурч, цаашлаад анги хамт олноо уриалах юм” гэв.
Хамарын хийдэд аялахаар ирсэн хүн бүр нэг мод тарьж, ногоон байгууламж бүхий аялал жуулчлалын бүс байгуулах эхлэлийг Ногоон паспорт аяны хүүхдүүд мод тарьж эхлүүлсэн юм. Энэ талаар БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа “Бид говийн бүсэд сайн ургадаг гурван төрлийн 400 орчим мод, мөн жимс жимсгэнийн мод суулгалаа. Мод тарьсны дараах усалгаа, арчилгааны асуудал хамгийн чухал байдаг. Яамны зүгээс усалгааны асуудлыг бүрэн шийдэж өгсөн. Мөн мод тарьсан талбайг хашаалж, сандал, сүүдрэвч бариулсан. Одоохондоо усалгаа, арчилгааг хийдийн лам нар хариуцна. Цаашид байнгын хариуцаж ажиллах хүнийг цалинжуулж ажиллуулах байх. Хамарын хийдийг зорьж аялахаар ирсэн жуулчид нэг мод тарьж буян үйлдэх боломжоор хангаж байна” хэмээсэн юм.
Харин хүүхдүүдийн хувьд таван өртөөгөөр аялж, байгаль орчин болоод мод тариалах талаар сургалтад хамрагдсан бөгөөд эдгээр өртөөнөөс хамгийн их таалагдсан нь озоны давхаргын цоорлын талаарх өртөө гэдгийг онцолж байлаа. Ингээд мод тарих үеэрх хүүхдүүдийн сэтгэгдлийг хүргэе.
 
Говьсүмбэр аймгийн Шивээ говь сумын 9-р ангийн сурагч н.Есөн-Эрдэнэ
Өнөөдрийн сургалт маш их таалагдлаа. Өртөөлсөн сургалтуудын хамгийн сонирхолтой нь озоны давхаргын өртөө байсан. Мөн мод тарих сонирхолтой байна. Гэхдээ заавал мод тарих биш зүгээр л ядаж байгальдаа хог хаяхгүй байцгаая гэж уриалмаар байна.

Дорноговь аймгийн 10-р ангийн сурагчид н.Халиунаа, н.Долгорзав
Өнөөдөр маш гоё өдөр байлаа. Энэ үйл ажиллагааг жил бүр өөр өөр аймагт хийдэг болоосой. Манай сургуулийнхан жил бүр энд ирдэг. Мөн манай сургуулийн хүүхэд, эцэг эх, багш нар хамтарч сургуулийнхаа эргэн тойронд хавар бүр мод тарьдаг.
 
Дорноговь аймгийг сурагчид
Ядрахгүй байна. Гоё гоё юм сурлаа. Озоны давхаргыг багасгахын тулд мод сайн тарих хэрэгтэй гэдгийг сайн ойлголоо. Мөн цэргийн хоол идсэн чинь цэрэгт явж байгаа мэт санагдсан.
 
Хээрийн аялалд ийм олон хүүхдийг хамарсан хээрийн аялалд анх удаа хамрагдаж байна. Хүн бүр өөрсдийн ухамсраараа байгалиа хамгаалах хэрэгтэй. Хамгийн наад зах нь хогоо хогийн саванд хийгээд хэвших хэрэгтэй. Эх дэлхийгээ хайрлах сэтгэл жижиг зүйлээс харагддаг. Жишээ нь гарт байгаа усны саваа аль болох удаан хэрэглэж сурах хэрэгтэй. Учир нь үүнийг үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн нь байгалиас гардаг.
 
Ц.ОРГИЛ

 

Ногоон паспорт-Монгол орон даяар” хэрэгжиж эхэллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0