Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Ц.Адъяасүрэн: Озоны давхаргын цоорхой 2065 онд нөхөгдөж дуусна
6 жил өмнө   719

Энэ сарын 16-нд Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдрөөр Монреалийн протоколын Нарийн бичгийн дарга нарын газраас озоны давхаргаа үргэлжлүүлэн хамгаалахын зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтийг багасгах үйл хэргээ түргэсгэж, Дэлхийгээ сэрүүн байлгая /Keep cool and carry on/ хэмээн уриалсан билээ. Энэ үеэр БОАЖЯ-ны Озоны үндэсний албаны захирал Ц.Адъяасүрэнтэй ярилцлаа.

-Озоны давхаргын цоорлын хэмжээ нэмэгдсэн үү, багассан уу?

-Анх озоны давхаргын цоорхойг 1970-аад оны үед эрдэмтэд судалж тогтоосон. Химийн бодис буюу хуучнаар фреон, хлор фторт нүүрстөрөгчийн бодис агаар мандалд гарч озоны давхаргатай урвалд орж, тэндээсээ хлорын атом ялгаруулж хүчилтөрөгчийн гурван атомыг өөртөө шингээж авснаар озоны давхарга цоорсон гэж судалсан байдаг. Удалгүй 1980-аад онд Америкийн НАСА-гаас хиймэл дагуул хөөргөж зургийг нь авахад үнэхээр цоорхой илэрсэн. Озоны давхарга цоорсноор нарнаас ирж байгаа хэт ягаан туяаны хэмжээ нэмэгддэг. Хэт ягаан туяа газрын гадаргад нөлөөлснөөр хүмүүс төдийгүй амьд юм бүхэнд сөрөг нөлөөтэй. Тухайлбал, дархлаа суларна, нүдэнд нь цагаа унаж нүдний болор цайна, арьсны өмөнгөөр өвчлөх гэх мэт. Ургамлын хувьд ургаж чадахаа байж давжаардаг. Төмс гэхэд давжаардаг тэмээ, хонины хоргол мэт жижиг болно гэсэн үг. Тиймээс хүн төрөлхтөн энэ хэт яг туяаны нөлөөллийг багасгахын тулд арга хэмжээ авахгүй бол болохгүй юм байна гээд Монреалийн протоколыг 1997 онд гаргасан юм. Хүмүүсийн хэрэглээг багасгасан ч тухайн үед байсан озоны давхаргын хэмжээ нэмэгдсээр 2014 онд нийт 29 сая ам.км талбайг хамарсан озоны цоорхойг бий болгосон байсан. Уг хэмжээг зүйрлэвэл БНХАУ-ын газар нутгийг гурав дахин нийлүүлсэнтэй дүйх хэмжээний цоорхой юм. тиймээс хүмүүсийн хэрэглэж буй бодист гол учир байна. Энэ бодисын хэмжээг багасгаад, бүр зогсоовол озоны давхарга нөхөгдөх боломжтой гэдгийг мөн судлаачид тогтоосон. Ингээд 2010 оны нэгдүгээр сараас озоны давхаргын цоорлыг нэмэгдүүлээд буй бодисуудын хэрэглээ, үйлдвэрлэлийг зогсоосон. Эдгээр бодисуудыг орлуулдаг бодисыг гаргаж хөргөлт, агааржуулалтад хэрэглэж эхэлснээр үр дүн гарч эхэлсэн байна. Нийт дөрвөн сая гагаар озоны давхаргын хэмжээ нөхөгдсөн. Энэ жишгээр хэрэглээгээ хязгаарлаж, Монреалийн протоколыг дэлхийн улс бүр хэрэгжүүлээд явбал 2065 он гэхэд аяндаа нөхөгдөнө гэсэн урьдчилсан тооцоо гаргасан байгаа.

-Сүүлийн жилүүдэд аль ч улсад элдэв арьс, нүдний өвчлөл их гарч байгаа. Энэ бүхний шалтгаан нь озоны давхаргаас үүдэлтэй гэж үзэж болох уу?

-Ерөнхийдөө арьсны талын өвчлөлүүд озоны давхаргын цооролттой холбоотой. Мөн нүдний болор цайх өвчин. Сүүлийн үед нүдний болор цайх өвчлөл маш их нэмэгдэж байна. Ялангуяа 50, 60-аас дээш насны хүмүүст уг өвчлөл түлхүү илэрч байна. Эдгээр хүмүүс өдрийн цагт ажиллахдаа хэт ягаан туяаны нөлөөлөл их авч байсны жишээ юм. 11.00-14.00 цагийн хооронд хэт ягаан туяаны нөлөөлөл их ирдэг. Хэрэв энэ үед гадаа ажиллаж байвал нөлөөллийг нь авч байна гэсэн үг. Арьсны өвчлөлийн хувьд хэт ягаан туяа хурц тусч буй орнуудад илэрч байна. Тухайлбал, Австрали, Чилийн өмнөд хэсэгт хэт ягаан туяаны нөлөөлөл их байдаг.

-Манай улсын хувьд уг протоколд нэгдсэн. Үүнээс өөр урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч байгаа вэ?
 
-Манай улсын хувьд 1996 онд Монреалийн протоколд нэгдсэн. Үүнд нэгдсэн улс бүр озон задалдаг бодисын хэрэглээг зогсоож, орлуулах бодисоор орлуулах үүргийг олон улсын өмнө хүлээдэг.
 
-Монгол улсын хилээр озон задалдаг бодис орж ирэхгүй байгаа гэсэн үг үү?
 
-2010 оноос хойш гидрохлорфторт нүүрстөрөгч хэмээх бодисыг хилээр оруулж ирэхийг хориглосон. Дэлхийн хэмжээнд уг бодисын үйлдвэрлэлийг 1998-1999 онд зогсоосон. Харин орлуулах бодис болох гидрофторт нүүрстөрөгчийг оруулж ирж байгаа. Өмнөх бодис нь озоны цооролд 100 хувийн нөлөөтэй байсан бол энэ нь 0.5 хувийн нөлөөтэй. Гэхдээ энэ бодис дэлхийн дулааралд нөлөөтэй, хүлэмжийн хийн нэг төрөл болчхоод байгаа юм. Тиймээс үүнийг шат шатаар бууруулахаар төлөвлөж, ажил нь 2013 оноос эхлээд явж байна. 2015 онд 10, 2020 онд 15 хувь бууруулна. Улмаар 2030 онд 100 хувь бууруулах зорилт тавиад ажиллаж байна. Монгол улс ч мөн үүнийг бууруулахад үүрэг хүлээж, зохих арга хэмжээг хэрэгжүүлээд явж байна. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар озон задалдаг бодисын шинэчилсэн журмыг сайд маань батлуулсан. Энэ журмын дагуу нэмэгдэж орсон бодисуудыг батлуулж, 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс уг журам мөрдөгдөж эхэлнэ.
 
-2065 он гэхэд озоны давхарга нөхөгдөж дуусна гэлээ. Бас урт хугацаа байна. Нөхөгдөж дуустал иргэд озоны давхаргын сөрөг нөлөөллөөс өөрсдийгөө хэрхэн хамгаалбал зүйтэй вэ?
 
-Энэ маш чухал асуудал. Өглөө 11.00-14.00 цагийн хооронд аль болохоор гадаа бага ажиллах хэрэгтэй. Хэрэв ажиллах зайлшгүй шаардлагатай бол дэрвэгэр хүрээтэй малгай, нүдний хар шил, цагаан хувцас өмсөх гэх мэт хамгаалалтын арга хэмжээ авах нь зүйтэй.
 
-Нарны хэт ягаан туяа улирлаас шалтгаалж их, бага гэж байх уу?
 
-Зуны улиралд арай их байгаа. Гэхдээ аль ч улиралд өөрсдийгөө хамгаалж байх хэрэгтэй. Мөн нарнаас хамгаалах тос сайн түрхэж байх хэрэгтэй. 
 
А.ЦЭЛМЭН
 

 

Ц.Адъяасүрэн: Озоны давхаргын цоорхой 2065 онд нөхөгдөж дуусна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0