“Тусгай хамгаалалттай газар нутаг дахь байгаль орчны хамгаалал-аялал жуулчлал” зөвлөгөөн өчигдөр боллоо. Энэ үеэр БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалантай ярилцлаа.
-Аялал жуучлалыг хөгжүүлэх чиглэлээр төрөөс ямар бодлого барьж ажиллаж байна вэ. Цаашдын зорилтын талаар мэдээлэл өгөөч?
-2018 онд Монгол Улсад 529 мянган жуулчин ирсэн. Аялал жуулчлалын салбарт гадаадын жуулчид 569 сая ам.долларын орлого оруулсан байна. Энэ бол зэс болон түүхий нүүрсний дараа орохоор хэмжээнд орлого оруулж буй салбар нь аялал жуулчлал гэдгийг харууллаа. Тиймдээ ч Засгийн газар аялал жуулчлалыг эдийн засгийг төрөлжүүлэх гол салбарын нэг болгохоор зорьж байгаа. Мөн аялал жуулчлалын салбараас орж ирэх эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго ч тавьж байна. Гурван тулгуурт хөгжлийн бодлого, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал зэрэг томоохон бодлогын баримт бичгүүдэд аялал жуулчлалыг тэргүүлэх салбар болгож хөгжүүлнэ гэж тусгасан. Тиймдээ ч 2020 онд гэхэд Монгол Улсад ирэх гадаадын жуулчдын тоог сая, аялал жуулчлалын салбарын орлогыг 1.1 тэрбум ам.долларт хүргэхийг зорьж ажиллаж байна. Үүний тулд юуг анхаарах ёстой, ямар асуудлууд тулгамдаж байна вэ гэдэгт бид дүн шинжилгээ хийж үзэж байгаа. “Дэлхийн эдийн засгийн форум” гэдэг байгууллагаас Олон улсын аялал жуулчлалын өрсөлдөх чадварын индексийг гаргадаг. Манай улсыг гэхэд аль үзүүлэлтээрээ бусад орноос доогуур байна. Алинаар нь ижилхэн байна вэ гэдгийг нь үнэлж гаргасан. Тэгвэл манай улс аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр 136 орноос 102-т үнэлэгдсэн. Нэлээд доогуур үнэлэгдэж байна гэсэн үг.
-Манайх ямар үзүүлэлтээрээ ингэтлээ доогуур үнэлэгдсэн юм бол?
-Агаарын тээврийн болон үйлчилгээний дэд бүтэц. Олон улсад нээлттэй байдал. Аялал жуулчлалын газрын боомтын дэд бүтэц гэх зэрэг үзүүлэлтээр бусдаас хол хаягдсан гэсэн үг. Үүнээс үзвэл, ихэнх асуудал дэд бүтцийн хөгжилтэй холбоотой байна. Монгол Улс руу орж байгаа агаарын тээврийн урсгалыг нэмэхгүйгээр, газраар нэвтэрч байгаа жуулчдынхаа тоог нэмэгдүүлэхгүйгээр, олон улсад нээлттэй байдал буюу Монголд ирэх нөхцлийг хөнгөвчлөхгүйгээр буюу визийн хөнгөлөлттэй нөхцлийг бий болгохгүйгээр жуулчдын тоог өсгөх боломжгүй. Хувь хүн талаасаа бодоод үз дээ. Бид гадагшаа аялахдаа визгүй улс руу л хамгийн түрүүнд явдаг. БНХАУ руу зорчдог монгол жуулчдын тоо жилдээ сая гаруй байх жишээтэй. Тэгэхээр виз гэдэг жуулчдын хаашаа аялах шийдвэрээ гаргахад хамгийн их нөлөө үзүүлдэг зүйл юм. Хоёрдугаарт, хямд буюу шууд нислэгтэй байх нь жуулчдын тоог өсгөх нэг том хөшүүрэг. Энэ асуудлуудыг шийдвэрлэх нь бидний жилдээ сая жуулчин хүлээж авахад маш том нөлөөтэй. Тийм болохоор Засгийн газраас олон улсын агаарын тээврийн чиглэл, давтамж, нислэгийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Нөгөө талаар, олон улсад нээлттэй байдал буюу Монголд ирж буй гол гол орны жуулчдын визийн нөхцлийг өөрчлөх хэрэгтэй байна. Дээрээс нь, Монголд ирж байгаа жуулчдад ямар бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэх юм бэ. Яаж тэднээс эдийн засгийн илүү үр өгөөжийг авч үлдэх вэ гэдэг асуудал байгаа. Одоогийн байдлаар Монголд ирж буй нэг жуулчин дунджаар ес орчим хоног аялдаг. Энэ хугацаанд 1460 орчим ам.долларыг зарцуулдаг гэсэн судалгаа бий. Бид жуулчдын аяллын хугацааг хэрхэн уртасгах вэ. Тэдний зарцуулж байгаа мөнгөн дүнг хэрхэн нэмэх вэ гэдэгт анхаарал хандуулах хэрэгтэй. Тиймдээ ч нэлээд хэдэн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлээд ажиллаж байгаа.
-Жуулчдын Монгол Улсад аялах хоногийн тоог нэмэгдүүлэх чиглэлд хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөр гэсэн үг үү?
-Бүсчилсэн хөгжлийн бодлого хэрэгжүүлж байгаа юм. Монголд ирж байгаа нийт жуулчдын ихэнх нь агаарын тээврээр буюу Улаанбаатар хотод түрүүлж ирдэг. Өөрөөр хэлбэл, Улаанбаатараас эхлэлтэй буюу төв, хангайн бүсэд аялал жуулчлал илүүтэй төвлөрөөд байгаа. Тиймээс бүс болгон олон улсын агаарын тээврийн орцтой болох хэрэгтэй. Тэгж байж баруун, зүүн, говийн бүсэд бусад бүстэй ижил хэмжээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлнэ. Дээрээс нь, нэгэнт Монголд ирсэн жуулчдад үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ тоог нэмье. Энэ хүрээнд Хэнтий аймагт аялал жуулчлалд зориулсан гурван том цогцолбор байгуулах ажлыг эхлүүллээ. Мөн Завхан аймгийн Улаагчны хар нуурт аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох ажлыг эхлүүлж байгаа. Сүхбаатар аймгийн Дарьганга суманд Дарьганга зусланг мөн аялал жуулчлалын үйлчилгээний төв болгох ажлыг ч хийж эхэллээ. Энэ мэт орон нутгийг чиглэсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн нэмэгдүүлэх ажлыг хийж байна.
-Онгоцны тийзийн үнэ өндөр байгаа нь манай улсад ирэх жуулчдын тоонд нөлөөлж байгаа. Энэ талаар зарим улсын Элчин сайдууд хүртэл ярьж байна. Онгоцны тийзийн үнийг бууруулах чиглэлд Засгийн газар, салбар яамд ямар бодлого барьж ажиллаж байна вэ?
-Монгол Улс өргөн уудам газар нутагтай. Маш өргөн уудам газар нутагтай мөртлөө олон улсын ганцхан орцтой, тэр нь Улаанбаатар. Та Баян-Өлгий юм уу, Хэнтий аймаг руу аялахаар ирлээ гэхэд заавал Улаанбаатарт буучихаад, тэр хол замыг мөнгөө, цаг заваа зарцуулж туулах ёстой болдог. Дээрээс нь, Улаанбаатар гэдэг ганцхан орцтой байгаа болохоор агаарын тээврийн хувьд даац хүрэлцэхгүй байна. Нөгөө талаар, өндөр үнэтэй байгаа. Тиймээс баруун аймгуудад, Увс юм уу Ховдын нисэх буудлуудыг түшиглээд агаарын тээврийн орцтой болмоор байна. Тэгвэл баруун аймгуудад аялах гэж байгаа жуулчид хамаагүй хямд үнээр аялах боломж бүрдэх юм. Ийм аргаар бид нислэгийн үнийг бууруулах боломжтой. Түүнээс гадна, энэ онд Засгийн газраас гарсан нэг гол шийдвэр бол агаарын тээврийн салбарт чөлөөт өрсөлдөөнийг нэмэгдүүлэх буюу Монгол Улсад ирж байгаа жуулчдын гол урсгалыг авдаг Бээжин, Сөүлийн чиглэлийн нислэгийн хоригийг цуцалсан явдал. Энэ чиглэлд нислэгийн компаниуд нэмэгдэж орж ирэх боломж бүрдсэн. Ирэх долдугаар сарын 6-аас эхлээд “Asian airlines” гээд Солонгосын хоёрдогч агаарын тээврийн компани орж ирэх гэж байна. Ингэснээр МИАТ-ийн болоод “Кореан эйр”-ийн үзүүлж байгаа үйлчилгээнээс харьцангуй бага үнийн саналыг хүлээж байгаа. Хязгаарлалтууд байхгүй болсноор өрсөлдөөний зарчмаар авиакомпаниуд үнээ тогтоох боломжийг ч бүрдүүлж байгаа. Мөн Казахстаны “Скат” гэдэг авиакомпани Астанагаас шууд нислэг хийх гэж байна. Энэ бол Баруун Европ руу гарах болон тэндээс ирэх жуулчдад хямд нисэх боломжийг бий болгож байгаа юм. Нислэгийн давтамж, чиглэл, авиакомпаниудын тоо нэмэгдэх нь тийзийн үнэ хямдрах боломжийг бүрдүүлнэ. Цаашлаад “Хөшигийн хөндий”-н онгоцны буудал ашиглалтад орсноор агаарын тээвэртэй холбоотой асуудлыг бага багаар шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа.
-Аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлага Монгол Улсад байна. Нөгөө талаар тусгай хамгаалалттай газар нутаг, үзэсгэлэнт байгалиа ч хамгаалах шаардлага бий. Энэ хоёр зорилго зөрчилдөөд байна уу гэж хардаг. Аялал жуулчлалаа хөгжүүлэхийн хажуугаар бид яаж байгалиа сүйтгэхгүй авч үлдэх вэ?
-Аялал жуулчлал хөгжүүлсэн олон улсуудын жишиг байдаг. Зохион байгуулалтгүй аялал жуулчлалыг хөгжүүлсэн тохиолдолд байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө нь нэмэгддэг. Зохион байгуулалттай аялал жуулчлалыг хөгжүүлсэн тохиолдолд эргээд жуулчлалын салбар нь байгаль орчныг хамгаалах хөдөлгүүр болдог жишиг байна. Тэгэхээр жуулчдын урсгалыг зохион байгуулалттай, зөв төлөвлөлттэй нэмэгдүүлэх гэдэг нь л гол асуудал. Тиймдээ ч бид аялал жуулчлалыг тусгай хамгаалалттай газар нутагт ямар түвшинд зохион байгуулах ёстой юм. Үүдээр нь нэвтрэхээс авахуулаад жуулчид ямар дүрэм журмыг баримтлах хэрэгтэй вэ. Тэнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд байгалийн нөөцийг хэрхэн зохистой ашиглах юм. Яаж урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах вэ гэдгийг тал талаасаа ярилцаж байна. Үнэхээр зөв менежменттэй, зохион байгуулалттай аялал жуулчлалыг хөгжүүлж чадвал түүгээрээ дамжуулж байгалиа хамгаалах боломж бүрэн байгаа. Харин зохион байгуулалтгүй аялал жуулчлалыг бий болгочихвол маш их сөрөг нөлөөг байгаль орчинд үзүүлнэ. Тиймээс бид зохицуулалтаа сайтар ярих хэрэгтэй. Гэхдээ Монгол Улс нэг онцлогтой. Манайх жуулчдын хэт их урсгалтай улс биш. Тиймээс зохион байгуулалтын л асуудал байгаа. Зохион байгуулалтгүй аяллыг дотоодын жуулчид л хийгээд байна. Гадаадын жуулчид аялахаасаа өмнө тухайн газрын мэдээлэл, дүрэм журмыг нь судалдаг. Аялалаа нарийн төлөвлөж, зохион байгуулж аялдаг. Харин монголчууд машинаа унаад л гардаг. Нэг газар оччихоод дараа нь хаачихаа шийддэг. Хог хаягдлаа хамаагүй хаяна. Ил задгай гал түлж, хорхог, шорлог хийнэ гээд олон асуудал гаргадаг. Тиймээс дотоодын жуулчдад мэдлэг, мэдээлэл өгөх, дүрэм журмыг таниулах, зохион байгуулалт оруулах хэрэгтэй байгаа. Энэ л хамгийн их тулгамдаж байгаа асуудал.
-Дотоодын аялагчдаас гадна аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд бас шаардлага хангадаггүй. Тухайлбал, Хөвсгөл нуурын эрэг орчим тусгай хамгаалалттай газар. Гэтэл тэнд үйл ажиллагаа явуулж байгаа жуулчны баазуудын бие засах газар нь шаардлага хангадаггүй. Энэ бүхнийг засах, сайжруулах талаас нь ямар бодлого барьж байна?
-Өнгөрсөн онд БОАЖ-ын сайдын тушаал гарсан. Тусгай хамгаалалттай газар нутагт нүхэн жорлон байлгахгүй гэдэг шийдвэр гарсан. Энэ шийдвэр гарсны дараа бид 2018 оны долдугаар сарын 23-28-ны өдрүүдэд Хөвсгөл нуурын эрэг орчимд хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулсан. Нуурын эргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, компани болоод орон нутагт амьдарч байгаа иргэдийн 5-6 орчим хувь нь нүхэн жорлонтой үлдсэн. Бусад нь бүгд стандартын дагуу ариун цэврийн газруудаа сайжруулсан. Энэ жил Хөвсгөл нуурын эрэг орчим болон тусгай хамгаалалттай газар нутгуудад нүхэн жорлон байхгүй болно. Нэг шийдвэр гараад л нүхэн жорлон байхгүй болоод, үйлчилгээ нь сайжирна гэж байхгүй шүү дээ. Зах зээлээ урсгалаа дагаад, хөгжиж, сайжирна. Жуулчид, иргэд юу хүсэж байна, тэр дагуу л сайжирч, өөрчлөгдөнө. Сүүлийн жилүүдэд ариун цэврийн байгууламж нэлээд сайжирч байгаа гэж боддог. Тэр дундаа тусгай зөвшөөрөл аваад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд стандартыг сайн мөрдөж байна. Харин хэдэн гэр бариад, жуулчид авдаг нутгийн иргэдийн хувьд аж ахуйн нэгж биш учраас стандарт мөрдүүлэх асуудал нэлээд тулгамддаг аж. Цаашид илүүтэй сайжрах нь тодорхой. Одоо бид бие засах газарт хэрхэн саарал ус нэвтрүүлэх вэ гэх мэт байгаль орчинд ээлтэй технологи гээд дараагийн шатны ажлыг ярьж эхэлнэ.
-Богд хан уулын бүс тусгай хамгаалалттай газар нутаг. Энэ бүсэд аялал жуулчлал хөгжүүлэх нэрээр аж ахуйн нэгжүүд газар авчихсан. Харамсалтай нь тэнд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж алга. Харин ч байгаль орчныг сүйтгэж, тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах зорилго нь алдагдчихсан. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиараа аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу БОАЖЯ, тэр дотроо Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газар Монголын аялал жуулчлалын асуудлыг хариуцах ёстой. Нөгөө талд Тусгай хамгаалалттай газар нутгийн хууль гэж байна. Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутагт явуулж байгаа аялал жуулчлалыг тэр хуулиар зохицуулдаг. Тэгэхээр манай газрын хувьд Тусгай хамгаалалттай газар нутгийн аялал жуулчлалд оролцох эрхгүй гэсэн үг, хуулиараа. Энэ бол хуулийн зөрчил. Аялал жуулчлалын бодлого алдагдаад байна гэдэгт санал нийлнэ. Одоо бид аль аль хуульдаа шинэчилсэн найруулга хийж байгаа. Олон улсын жишиг болон Монголын хөрсөнд нийцсэн ямар зохицуулалт байвал ирээдүйд тусгай хамгаалалттай газар нутаг дахь аялал жуулчлалыг ямар менежментээр явуулах боломж бүрдэх юм бэ гэдгийг судалж, хуульдаа өөрчлөлт хийхээр ажиллаж байна.
С.Баясгалан: Визийн хөнгөлөлттэй нөхцлийг бий болгохгүйгээр жуулчдын тоог өсгөх боломжгүй |
|