Bloomberg TV Mongolia телевизийн санаачилсан “Утаагүй Улаанбаатар” форум “Блью Скай” зочид буудалд боллоо. Барилга, хот байгуулалтын яам, Монголын ипотекийн корпорацтай хамтран зохион байгуулсан уг форум Орон сууц-цэвэр агаар, Орон сууц-зах зээл, Орон сууц-тогтвортой санхүүжилт гэсэн үндсэн сэдвүүдийн хүрээнд үргэлжилсэн бөгөөд хэлэлцүүлэг хэлбэрээр явагдсан юм.
Тэгвэл форумын эхний сэдэв болох Орон сууц-Цэвэр агаар хэлэлцүүлгийн панелистаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц хариуцсан орлогч П.Баярхүү, ЦУОШГ-ын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр, эдийн засагч Ч.Хашчулуун, Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн төслийн зохицуулагч Д.Авирмэд нар оролцсон юм. Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлд салбарын яам ямар бодлого баримталж байгаа, холбогдох бусад байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллаж байгаа зэрэг асуудлаар байр сууриа илэрхийлж, бусад панелистуудтай санал солилцсон юм.
Тэрбээр “Агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрийг батлуулсан. Уг хөтөлбөрт агаар болон орчны бохирдлыг бууруулахад ямар ажлууд хийх талаар нарийн тусгаж өгсөн. Хөтөлбөрийн дагуу ажлаа хийгээд явж байна. Хөтөлбөр богино, дунд, урт хугацаанд хэрэгжинэ. Одоогийн байдлаар богино хугацаанд хэрэгжих ажлууд шат дараатай, төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа гэдгийг онцлоод . Агаар, орчны бохирдол бол улстөржүүлэх асуудал ерөөсөө биш. Би үүнийг удаа дараа хэлж байна. Утаагүй зуух, цахилгаан халаагуурыг бас л нэг шахаа мэтээр тайлбарлаж, буруу ойлголтыг олон нийтэд өгөөд байх юм. Ямар ч тийм асуудал байхгүй гэдгийг хариуцлагатай хэлье гэлээ.
“Утаагүй Улаанбаатар” форумыг зохион байгууллаа |
|