Канад Улсын Монреал хотноо 2022 оны 12 дугаар сарын 7-20-ны өдөр зохион байгуулагдаж ууй буй Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын бага хурлын 15 дугаар хуралдаан болон түүний дагалдах Биоаюулгүй байдлын тухай Картагены протоколын 10 дугаар хурал, Генетик нөөцийн тухай Нагояагийн протоколын 4 дүгээр хурлын/ -ы Сайд нарын түвшний уулзалтад Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Ариунболдоор ахлуулсан Засгийн газрын төлөөлөл, БОАЖЯ, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү болон иргэний нийгмийн төлөөллүүд оролцож байна.
Энэ удаагийн Талуудын бага хуралд 180-аад орны байгаль орчны асуудал хариуцсан сайд, дэд сайд болон элчин сайд, албаны төлөөллөөс бүрдсэн 18000 орчим хүн оролцож байна.
Хуралдааныг нээж БНХАУ-ын Экологи, байгаль орчны сайд Хуанг Рунжи үг хэлж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин цахим мэндчилгээ ирүүлсэн бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы дарга Ч.Көрөши, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч А.Мохаммед, Канад Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Гилбо, Канад Улсын Квебек мужийн Ерөнхий сайд Ф.Лего, Биологийн олон янз байдлын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Э.М.Мрема нар үг хэлэв.
КОП 15 хуралдаанд уг конвенцид нэгдсэн улсууд 2021 онд БНХАУ-ын Күнмин хотноо зохион байгуулагдсан “2020 оноос хойших Биологийн олон янз байдлын тухай даян дэлхийн зорилтууд”-ыг шинэчлэн тусгах асуудлаар хэлэлцээг үргэлжлүүлэн батлахаар ажиллаж байна. Энэхүү даян дэлхийн зорилгуудыг 2030 он хүртэлх хэрэгжүүлэх байдлаар тодорхойлж, 2050 он гэхэд хүрэх алсын хараа амлалт, хэрэгжилтийг тэнцвэржүүлэх байдлаар томьёолж байна.
Эдгээр зорилтуудын заримаас дурдвал дэлхийн хэмжээнд далай тэнгис 30 хувь болон хуурай газрын 30 хувийг тус тус 2030 он гэхэд хамгаалалтад авч, хадгалж үлдээх , Биологийн олон янз байдлын тогтвортой санхүүжилтийн механимзмуудыг сайжруулах, шинээр байгуулах, доройтсон экосистемүүдийг нөхөн сэргээх замаар байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийн зохистой ашиглалт болон генетик нөөцийн механизмуудыг баталгаажуулах зэрэг болно.
Манай улсын төлөөлөгчдийн тэргүүн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх бөгөөд мөн өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яам Дэ Нэйчэ Консерванси байгууллагатай хамтран биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлтийн санхүүжилтийн олон хэлбэрт механизмуудыг танилцуулах зорилго бүхий арга хэмжээ зохион байгуулна.
Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын бага хурлын 15 дугаар хуралдаанд оролцож байна |
|