Засгийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 350 дугаар тогтоолоор шинэчлэн байгуулагдсан Уур амьсгалын Үндэсний хороо 2023 оны 03 дугаар сарын 14-ны өдөр хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Энэ хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний стратеги, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлав.
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож “Улс орон бүр уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахыг уриалахын зэрэгцээ 2030 он гэхэд монголчууд тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих” амлалтыг авч ажиллаж байна.
Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 58 дугаар зарлигийг гаргаж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратеги, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд 27 үйл ажиллагаа, 154 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж, арчлан хамгаалж, ургуулснаар ойн санг 9.0 %-д хүргэж, цөлжилт, газрын доройтолд өртсөн газар нутгийг 4.0 %-иар бууруулж, хүлэмжийн хийн шингээлтийг 11.0 %-иар нэмэгдүүлэн, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ногоон хөгжлийн сэргэлтийг эрчимжүүлэх, ашигт ургамлын тариалалтыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, хүнсний хангамжийг сайжруулахад зохих хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
Мөн хуралдаанаар Уур амьсгалын Үндэсний хорооны 2023 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлав.
Уур амьсгалын өөрлөлтийн бодлого, эрх зүйн орчныг сайжруулах, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд удирдан зохицуулах, салбар дундын уялдаа, зохицуулалтаар хангах, Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр эрчим хүч, хөдөө аж ахуй, барилгын салбар болон бусад салбарт 17 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөв.
Уур амьсгалын Үндэсний хорооны ажиллах журмыг шинэчлэн батлах Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.
Уур амьсгалын Үндэсний хороо шинэчлэн байгуулагдсантай холбогдуулан хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, түүнд дасан зохицох чиглэлээр салбарын шинжлэх ухааны болон олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, эрдэмтдийн төлөөллийг оролцуулсан өргөтгөсөн хурлыг 2023 оны 6 дугаар сард зохион байгуулахаар тогтов.
Эх сурвалж: БОАЖЯ
"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 27 үйл ажиллагаа, 154 арга хэмжээ төлөвлөсөн |
|