Байгал Орчин, Аялал Жуулчлалын Яам /БОАЖЯ/-ны ээлжит хурал өнөөдөр болж Ойн Газраас 2024 оны мод тариалалтын төлөвлөлт, 2023 оны үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.
Хаврын бүх нийтээр мод тарих өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 31-ний өдрийг дуустал үргэлжлэхээр болсон байна.
Нийслэлийн гурван байршилд болон аймаг, сумдад тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа гарах аж.
Нийслэлд:
-
Тэнгэр Плаза
-
Сүхбаатар дүүргийн Дамбадаржаад байрлах модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэн
-
Тэнгисийн урд талын Ялалтын талбайд болон дүүргүүд өөрсдийн боломжит байршлууд дээр үзэсгэлэн худалдааг гаргах юм байна.
Мөн нийслэлийн найман байршилд төрийн 310 аж ахуйн нэгжийн алба хаагчид мод тариад гурван жил болж байгаа ба тарьсан модоо тордож, арчлах нэмж тарих зэрэг ажлууд хийгдэж байгаа аж.
Ойжуулалт хөтөлбөрийн хүрээнд дараах ажлуудыг хийж байгаа талаар Ойн газрын дарга Б.Оюунсанаа онцлов.
-
Доройтсон ойг нөхөн сэргээх, татмын ойг ойжуулах ажлын хүрээнд нийт 2.4 мянган га талбайд дөрвөн сая мод тарихаар төлөвлөсөн.
-
Цөлжилтийг сааруулж, хамгаалалтын ойн зурвас байгуулах агро аж ахуйн ажлын хүрээнд дөрвөн байршлын 130 га талбайг сонгоод байна.
-
Хөвсгөл, Завхан, Дорнод аймгийн ойн санг бүртгэх, ойн зохион байгуулалтын ажлыг нийт таван сая га талбайд хийж байна.
-
Ойн арчилгаа цэвэрлэгээний ажлыг 1.3 мянган га талбайд зохион байгуулахаар төлөвлөж байна.
-
Нийт 700 гаруй мянган га талбай ойн хөнөөлт шавжийн голомтлогдсон хэлбэрт байгаагаас 330 мянган га талбайд 1.2 орчим тэрбум модыг хамгаалахаар ойн хөнөөлт шавжийн тархалтыг тогтоох, хязгаарлах ажлыг зохион байгуулна.
-
Нийт 400 км ойн хээрийн түймрийн хамгаалалтын зурвас байгуулна.
Хаврын бүх нийтээр мод тарих өдрүүд тавдугаар сарыг дуустал үргэлжилнэ |
|