Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь төрд шилжиж нээлттэй хувьцаат компани болсноор 10 хувийг нь иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх бололтой. 10 гэдэг нь стратегийн ордуудын 10 хувийг олон нийтэд эзэмшүүлж болно гэсэн хуулийн дагуу яригдаж байгаа тоо юм. Хувьцаат компани болгох Засгийн газрын шийдвэр гарсантай холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн цахим хуудсандаа энэ талаар байр сууриа илэрхийлсэн. Тэрээр “Эрдэнэт үйлдвэрийн ашиг шимээс, Монголын ард түмэн хувь хүртэх эрхтэй, цаашдаа ч олон жил үр өгөөжөө өгсөөр байх болно гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ирүүлсэн саналыг үндэслэн Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг төлөөлж томилогдсон хүмүүсээс ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн, гишүүн Д.Дэмбэрэл нарыг хэвээр үлдээхээр болсон бол Г.Нандинжаргал, Н.Доржсэмбэ нарыг өөрчлөхөөр болж үлдсэн 49 хувийг төлөөлж байсан М.Мөнхбаатар, О.Орхон, Д.Ганболд нарыг чөлөөлөх аж. Оронд нь Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Хэрлэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Элбэгзаяа, Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга С.Наранцогт, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Д.Баярсайхан нарыг томилуулахаар үүрэг чиглэл өгсөн байна. Эдгээр хүмүүсийн талаар АТГ-аас хянаж, хариу ирүүлсний дараа эцсийн байдлаар томилгоо хийгдэх боломжтой юм.
Эрдэнэт үйлдвэр Төрийн өмчит ХК боллоо |
|