2017 оны шилдэг 100 ААН-д өргөмжлөл гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордонд өнөөдөр /2018.04.27/ боллоо. 'ТОП-100” аж ахуйн нэгжийг “Эрдэнэт Үйлдвэр” ХХК тэргүүлж “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Оюу Толгой” ХХК, “Хаан банк” ХХК, “Энержи ресурс” ХХК, “Монголын алт” /МАК/ ХХК, “Худалдаа хөгжлийн банк, “Тийсс Монгол” ХХК, “НИК” ХХК, “Тавантолгой” ХК эхний аравт жагссан байна. Нэр бүхий 65 аж ахуйн нэгж гурван жил дараалан “ТОП-100” аж ахуйн нэгжид багтсан бол шинээр 17 аж ахуйн нэгж нэмэгджээ.
100 аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого 2017 оны байдлаар өмнөх оноос 30 орчим хувиар, улсын төсөвт төлсөн татварын хэмжээ 1,9 дахин нэмэгдэж 3,2 их наяд төгрөгт хүрчээ. Аж ахуйн нэгжүүд Монгол Улсын төсвийн татварын орлогын 50 орчим хувийг бүрдүүлж 80 орчим мянган хүнийг ажлын байраар хангасан байна.
Энэ ёслолд Ерөнхий сайд оролцож үг хэлсэн бөгөөд тэрбээр баялаг бүтээгчдэд хандаж, 'Худалдааны салбар өнгөрсөн онд 14 хувиар, боловсруулах салбар 36 хувиар, уул уурхайн олборлох салбар 26 хувиар, ХАА-н салбар 44 хувиар өслөө. ДНБ-ий өсөлт 5 хувиар өссөн. Үүнд та бүхний оруулсан хувь нэмэр хамгийн чухал нөлөө үзүүлсэн. Өвөг дээдсээс бидэнд уламжлуулан үлдээсэн газрын хэвлий дэх баялаг бидэнд хүнд үеийг давахад тусаллаа. Хөгжлийн ачааны хүндийг үүрч, салбар бүртээ тэргүүлж буй эгэл баатрууд та бүхэн юм шүү. Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиараа чин сэтгэлийн баяр хүргэе' гэлээ. Мөн 'Бизнес эрхлэгчид ажлаа хэвийн явуулах, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, тулгарч болох макро эрсдэлийг бууруулахад Засгийн газар онцгой анхаарч ажиллана' гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Засгийн газар бизнес эрхлэхэд ээлтэй, ажлын байр бий болгоход чиглэсэн, тэгш шударга татварын орчныг бий болгохыг зорьж, шударгаар бизнес эрхлэгч, сайн татвар төлөгчийг дэмжин татварын зардлыг нь бууруулахаа амлав.
А.ЦЭЛМЭН
У.Хүрэлсүх:Хүнд үеийг даван туулахад уул уурхайн баялаг түлхэц болсон |
|