Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Шашин шүтэх эрх чөлөөний асуудлаарх Сайд нарын олон улсын анхдугаар бага хурал болов
6 жил өмнө   676

Долдугаар сарын 26-нд АНУ-ын Вашингтон хотноо Шашин шүтэх эрх чөлөөний асуудлаарх Сайд нарын олон улсын анхдугаар бага хурал болжээ. Тус хурлыг нээж АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майк Пенс, Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар үг хэлсэн байна.

Энэхүү хурлаар дэлхий дахинд өрнөж буй шашин шүтэх эрх чөлөө, тулгараад буй бэрхшээл, шашны урсгал, бүлгүүдийн эсрэг ялгаварлан гадуурхахыг таслан зогсоох, шашин шүтэх эрх чөлөөг хүндэтгэх явдлыг дэмжих болон цаашид авах арга замыг тодорхойлох асуудлыг хэлэлцжээ.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ энэхүү хурал нь цаг үеэ олсон чухал арга хэмжээ болж байгааг онцлоод, өнөөдөр дэлхий дахинд олон мөргөлдөөн гарч байгаагийн ихэнх нь шашин, түүний урсгалуудын ялгаатай байдлаас үүдэж байна.

Мөргөлдөөнийг таслан зогсоох, ирээдүйд сэргийлэхэд шашны урсгалуудын ялгаа, шашны ойлголтын талаар судлах, танин мэдүүлэх, мэдлэг олгохын чухлыг тэмдэглэжээ. Тэрээр мөн хурлыг санаачлан зохион байгуулж буй Америкийн талд баяр хүргэсэн байна.

Түүнчлэн монголчууд эрт дээр үеэс олон шашинд адил тэгш хандаж, сүсэг бишрэл, шашин шүтлэгийн эрх чөлөөг хүндэтгэж ирсэн, өнөөдөр ч ардчилсан Монгол оронд шашин шүтлэгийн эрх чөлөө нь суурь үнэт зүйлсийн нэг бөгөөд сүүлийн жилүүдэд үнэмлэхүй түвшинд хүрсэн тухай танилцуулжээ.

Д.Цогтбаатар сайд шашин шүтэх эрх чөлөөг дээдэлж буй сайн туршлагыг судлах, судалгааны ажил хийх, мөн шашин шүтэх эрх чөлөөний асуудлаар сэдэвчилсэн эсвэл бүс нутгийн хурал зохион байгуулах санал дэвшүүлсэн байна.

Шашин шүтэх эрх чөлөөг дэмжих асуудлаарх Сайд нарын Олон улсын анхдугаар бага хуралд Казахстан, Тайланд, Унгар, Монтенегро, Серб зэрэг улсын Гадаад хэргийн сайд, Олон улсын байгууллагуудын төлөөлөл, Олон улсын иргэний нийгмийн байгууллага болон шашны тэргүүн нар оролцжээ.

 

Ц.ОРГИЛ

Шашин шүтэх эрх чөлөөний асуудлаарх Сайд нарын олон улсын анхдугаар бага хурал болов
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0