Турк, Монголын хамтарсан “Улаанбаатар-Эмпати” сургуулийн захирал Вэйсел Акчайг гэрийнх нь гаднаас хулгайлсан тухай мэдээлэл долдугаар сарын 27-ны өдрийн өглөө хамгийн анх олон нийтийн сүлжээгээр цацагдаж билээ. Түүнийг үл таних хүмүүс тухайн өдрийн 10:00 цагийн орчимд гэрээсээ гарч явахад нь барьж авч, саарал өнгийн “Toyota Alphard” маркийн автомашинд суулган, нүдийг нь боон, есөн цаг орчим энхэл донхолтой шороон замтай газраар авч явсан тухай Вэйсел Акчай суллагдсаныхаа дараа хэлсэн.
Тэр хүмүүс хэн байсан талаар цагдаагийн байгууллага, хулгайлагдсан гэгдэх Вейсел Акчай ч өнөөдрийг хүртэл албан ёсны тайлбар хийгээгүй байна. Мөн тус өдөр Туркээс “СТ 4010” дугаартай онгоц анх Хөшигийн хөндийд бууж, дараа нь “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардсан нь “хулгайлагдсан” иргэнийг авч явах зорилгоор ирсэн байж болзошгүй гэх хардлагыг тухайн үед төрүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Турк, Монголын сургуулийн багш, оюутнууд, мөн төгсөгчид “Чингис хаан” олон улсын нисэх буудлын гадаа эсэргүүцэл илэрхийлж, гэм буруугүй хүнийг суллахыг шаардсаны хүчинд Вэйсел Акчай Монголд үлдсэн.
Эл хэрэгтэй холбогдуулан өнөөдөр БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ахмет Язал хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр “Турк улсад 2016 оны долдугаар сарын 15-нд төрийн эргэлт хийхээр оролдсон Фетуллах Гулен болон түүний удирддаг ФETO бүлэглэлийн террорист үйл ажиллагааг Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Эмпати сургуулиуд санхүүжүүлж байна. Тиймээс Эмпати сургуулиудыг, удирдлагуудыг нь Туркийн талд хүлээлгэн өгөх талаар сүүлийн үед болсон хоёр орны айлчлал, уулзалтуудаар байнга илэрхийлж байгаагаа хэлсэн” хэмээн ярив.
Сэтгүүлчид Элчин сайд Ахмед Язалаас “Турк сургуулиудыг танай Засгийн газарт хүлээлгэн өгөх талаар Монгол Улсад удаа дараа уламжилсан. Эмпати сургуулиудад сурч буй хүүхдүүдийн асуудлыг яаж шийдэхээр ярилцаж байгаа вэ” хэмээн асуухад “Энэ талаар олон удаа байр сууриа илэрхийлж байна. Турк сургуульд сурч буй сурагчдын хувьд ямар нэгэн асуудал гарахгүй. Гол нь эцэг, эхчүүдийн төлж буй төлбөр террорист байгууллагыг санхүүжүүлэхэд зарцуулагдаад байгаа нь Монгол Улс терроризмыг санхүүжүүлэгч улс болон ойлгогдож байна.
Манай талд сургуулиудыг хүлээлгэн өгснөөр сурагчид өнөөдөр хичээлээ тарлаа маргааш өглөө сургуульдаа ирэхэд нь ямар нэгэн өөрчлөлтгүй байхгүйгээр, хэвийн үйл ажиллагаа явуулна. Өнгөрсөн саруудад болсон Турк Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын айлчлалын хүрээнд энэ асуудал яригдсан. Монгол Улсаас Турк улсад хийгдсэн албан ёсны айлчлалуудын үеэр ч яригдсан гэдгийг хэлмээр байна.
Турк, Монгол Улс тус тусдаа хууль тогтоомжтой. Тиймээс өөрсдийн орны хуулийн дагуу яаж шийдэж болохоор байна, ялангуяа Монголын тал яаж шийдэхээс хамаарна. Манай улсын зүгээс Монгол Улсад сонголт тулгаад байгаа зүйл байхгүй. Хамгийн чухал нь сурагчдын эрх ашиг. Бидний зүгээс энэ сургуулиудыг ФЕТО байгууллагын удирдлагаас холдуулах л хүсэлтэй байна” гэсэн тайлбар өгсөн юм.
БНТУ-ын “СТ 4010” дугаартай онгоц яагаад Монгол Улсад нууцаар ирсэн, гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар явуулсан талаар асуухад “Нууцаар ирсэн онгоц биш шүү дээ. ГХЯ-наас олгосон зөвшөөрлийн дагуу Улаанбаатарт буусан онгоц. Монголын талын зөвшөөрөл, мэдээлэлгүй байхад ямар нэгэн хууль бус үйл ажиллагаа явуулна гэж байхгүй гэдгийг дахин хэлмээр байна” хэмээн Элчин сайд Ахмет Язал мэдэгдсэн юм.
Ц.ОРГИЛ
Туркийн Элчин Ахмет Язал: Монгол дахь Эмпати сургуулиуд “ФЕТО” террорист бүлгийн үйл ажиллагааг санхүүжүүлж байна |