Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
БНСУ-ын цагаачлал, шилжилт хөдөлгөөний албанд айлчиллаа
6 жил өмнө   713

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Солонгос Улсын Хууль зүйн яамны харьяа Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны урилгаар 2018.07.29-08.01-ний өдрүүдэд Сөүл хотноо албан айлчлал хийлээ.

Айлчлалаар БНСУ-ын Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны үйл ажиллагаатай танилцан, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн сайжруулах, хоёр орны иргэдийн харилцан зорчих нөхцөл зэрэг олон талт асуудлыг тусгасан удирдлагын түвшиний албан уулзалтууд хийж, харилцан мэдээлэл солилцсон байна. Уулзалтаар БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр хөдөлмөр эрхэлж буй Монгол ажилчдын гэр бүлийн гишүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр виз олгох, тэднийг ар гэрийнхэнтэй уулзуулах нөхцөл боломжийг судлах, хэлний бэлтгэл болон их дээд сургуульд суралцаж буй Монгол оюутнуудад барьцаа хөрөнгө байршуулан виз сунгадаг тогтолцоог өөрчлөн барьцаа авах явдлыг зогсоох, 2012 онд байгуулсан хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол иргэдэд олон удаагийн визийг олгох, БНСУ-ын визийг зохих журмын дагуу авсан Монгол иргэдийг хил нэвтрүүлэлгүй нутаг буцаах явдлыг зогсоох зэрэг асуудлыг шийдвэрлүүлэх санал тавьсан бөгөөд уг саналыг БНСУ-ын тал нааштайгаар хүлээн авсан байна.

Түүнчлэн айлчлалын үеэр БНСУ-ын Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны Пусан хот дахь “Кимхэ” олон улсын нисэх буудал болон Монгол Улсын “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Гадаадын иргэн, харьяатын газар хооронд хамтран ажиллах тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг үзэглэлээ.

 

Эх сурвалж: ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР

 

БНСУ-ын цагаачлал, шилжилт хөдөлгөөний албанд айлчиллаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0