Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Ирэх сард БНСУ-ын соёлын өдрүүд болно
6 жил өмнө   635

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд БНСУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Намыг хүлээн авч уулзлаа.Уулзалтад НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, НАЖГ-ын орлогч дарга Ц.Энхтүвшин, БНСУ-ын ЭСЯ-ны Консул Шин Сан Хюн, Солонгосын нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Чой Сон Кю нар байлцав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд уулзалтын үеэр “Монгол Улс, БНСУ-тай эртнээс гуравдагч хөршийн найрсаг харилцаатай, олон улсын түвшинд ч бие биенээ харилцан дэмжиж ирсэн уламжлалтай. Хоёр улсын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд, нийгмийн бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаа. Тухайлбал БНСУ-ын Хөгжлийн албан ёсны тусламжийн төслүүд, Койкагийн буцалтгүй тусламж гэх мэт олон төслүүдээр дамжуулан шаардлагатай туслалцааг ухаалаг боловсрол, улс хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, эмчилгээ оношилгооны төв байгуулах, Зүүн хойд Азийн цөлжилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг нийгмийн салбар руу чиглэсэн олон төсөл, хөтөлбөр хэрэгжих болсныг дурдахад таатай байна.

Удахгүй жил бүр зохион байгуулагддаг “Солонгосын соёлын өдрүүд” арга хэмжээ болох гэж байгаа талаар сонссон. Хоёр улсын иргэд хоорондын соёлын харилцаа, харилцан ойлголцлын нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой энэхүү арга хэмжээнд Улаанбаатар хотын зүгээс зохих ёсны бүхий л дэмжлэгийг үзүүлэн, хамтран ажиллах болно.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсаас 47 мянган иргэн Солонгост оршин сууж байна. Үүнээс 5000 гаруй нь оюутан залуус. Харин Монгол Улсад ирэх Солонгос иргэдийн жуулчлал эрс нэмэгдсэн. 2016 онтой харьцуулахад аялагчдын тоо 20 хувиар өссөн. Энэ нь хоёр орны хоорондын харилцаа өндөр түвшинд байгааг илтгэж байна.

Боловсролын салбарт сурагчид англи хэлнээс гадна солонгос хэлийг маш сонирхон суралцаж байна. Солонгос хэлийг сурч байгаа оюутан, залуус болон Солонгос Улсын соёл, урлагийг сонирхох иргэдийн тоо ийн нэмэгдэж байгаа нь манай хоёр орны иргэд хоорондын харилцан ойлголцлыг улам гүнзгийрүүлж байна” хэмээн хоёр орны хамтын ажиллагаа, харилцаа холбооны талаар дурдсан юм.

БНСУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Нам “Миний бие Элчин сайдын ажлаа аваад гурван сар болж байна. Өмнө нь 19 жилийн өмнө Монгол ирж байсан. БНСУ-ын Гадаад харилцааны яаманд Монгол Улс, Солонгос Улсын харилцаа, хамтын ажиллагааг хариуцан ажиллаж байсан. Монгол Улсын талаар мэдлэгтэй. Хоёр улсын хамтын ажиллагаа харилцаа олон талаар өргөжин дэвших боломж бий” хэмээгээд ирэх сарын 15, 16-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Сөүлийн нэрэмжит гудамжинд БНСУ-ын соёлын өдрүүдийг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэ үеэр Солонгосын урлаг, соёлын олон алдартай дуучид, жүжигчид ирэх болно. Та бүхэн үүнийг дэжиж, оролцоно гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцлов.

 

Уулзалтын төгсгөлд хотын дарга “Эрхэм Элчин сайд таныг цаашид ч Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтэд дэмжлэг үзүүлэн, бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна” гэв мөн Соёлын өдрүүдэд боломжит бүхий л хэлбэрээр дэмжин ажиллаж, оролцох болно гэдгээ хэлэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Ирэх сард БНСУ-ын соёлын өдрүүд болно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0