Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Энэтхэгийн Засгийн газраас 20 сая төгрөгийн тусламж үзүүлэхээр болов
6 жил өмнө   732

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан Улсын Онцгой комиссын ажлын хэсэг өнөөдөр Архангай аймагт ажиллав. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ЗТХЯ, ОБЕГ, МХЕГ, МЭЕГ-ын холбогдох мэргэжилтнүүд, мөн Энэтхэг улсын Элчин сайд Суреш Бабу ажиллаж байгаа аж.

Аймгийн хэмжээнд он гарсаар 86 удаагийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол тохиолдож, долоон хүн амь насаа алдан, 2,870 гаруй мал хорогдож, төр, аж ахуйн нэгж, иргэдэд 2,8 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Дээрх аюулт үзэгдэл, ослын дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын 277 алба хаагч /давхардсан тоогоор/, 50 гаруй автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллан, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 1,5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Өнгөрсөн долдугаар сарын 19-нд Хашаат сумын нутаг дэвсгэрт орсон аадар бороо, мөндрийн улмаас үер бууж, 16 айлын гэр эвдэрч, хоёр айлын өвөлжөө нурж, 147 мал хорогдсон бол Өндөр-Улаан суманд үерийн улмаас 82 айлын гэр эвдэрч, 200 орчим хашаа, 11 аж ахуйн нэгж, байгууллагын барилгын дээвэр нурсан байна. Тиймээс Улсын Онцгой комиссын шийдвэрээр  Өндөр-Улаан суманд 26 гэр, Хашаат суманд 16 гэр, нийт 42 гэрийг Улсын нөөцөөс олгожээ.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд малын тэжээлийн ургамал 2546,7 га талбайд тариалж, тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Мөн 8,0 мянга гаруй га хадлангийн талбайг хашиж хамгаалсан. Газар тариалангийн хувьд нийт 7413,1 га талбайд үр тариа тариалснаас тосны ургамал 1178 га, төмс 251,9 га, хүнсний ногоо 104,6 га талбайд тариалаад байна хэмээн аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан танилцууллаа. Цаашид аймгийн нөөцийн өвс, тэжээл бэлтгэхэд хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх, Тариат суманд Гал түймэр унтраах, аврах анги байгуулах асуудлыг шийдвэрлэж өгөхийг Улсын Онцгой комиссоос хүсчээ. 

Мөн энэ үеэр Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабу аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасантай уулзаж, үер, усны улмаас учирсан хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд Энэтхэгийн Засгийн газраас 20 сая төгрөгийн тусламж үзүүлэхээр болсон гэдгийг онцоллоо. Мөн тус аймгийн англи хэлний 10 багшийг мэргэжил дээшлүүлэх сургалтад үнэ төлбөргүй хамруулахаа бас мэдэгджээ.

 

 

Ц.ОРГИЛ

Энэтхэгийн Засгийн газраас 20 сая төгрөгийн тусламж үзүүлэхээр болов
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0