УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөгжил шинэтгэлийн хороо, Гаалийн байгууллагын удирдлагуудтай уулзлаа.
Тэрбээр Монгол Улсын Засгийн газраас уул уурхайн салбарт баримталж буй бодлого, чиг хандлага болон Тавантолгойн нүүрсний ордын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, Тавантолгойн дэд бүтцийн бүтээн байгуулалттай холбогдуулан БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засаг оронд ажлын айлчлал хийсэн юм.
Энэ үеэр УИХ-аас баталсан “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 73 дугаар тогтоол, Засгийн газрын шийдвэрийн талаар танилцуулж, эдгээр тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх ажил эхэлсэн байгааг дурдан харилцан санал солилцлоо. Хөгжил шинэтгэлийн хорооны зүгээс эдгээр шийдвэрийг дэмжин ажиллах, мөн Ханги-Мандал төмөр замын улсын хил нэвтрэх цэгийн асуудлыг Монголын талаас санал тавьж тохиролцоонд хүрэхээр ажиллаж байгааг уулзалтын үеэр илэрхийлсэн.
Талууд боомтын нэвтрүүлэх чадавхийг нэмэгдүүлэх, Ганцмод-Гашуунсухайт боомтоор тээвэрлэх нүүрсний хэмжээг 30 сая тоннд хүргэхэд хоёр талын идэвхитэй хамтын ажиллагаа болон эдгээр бүтээн байгуулалтыг “Нэг бүс нэг зам” санаачилга, “Хөгжлийн зам” үндэсний хөтөлбөрийн хүрээнд уялдуулан авч хэрэгжүүлэх шаардлагатай талаар харилцан санал солилцлоо.
Эх сурвалж: УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ
Д.Сумъяабазар БНХАУ-ын ӨМӨЗО-д айлчиллаа |