2014 онд БНХАУ ОХУ-аас байгалийн хий худалдан авах гэрээ хийсэн байдаг. Хоёр улсын хооронд байгуулагдсан гэрээний хүрээнд ОХУ жилд 38 тэрбум шоо метр байгалийн хий урд хөршид нийлүүлэх үүрэг хүлээж буй. Нийтдээ 30 жилийн турш хэрэгжих гэрээний үнийн дүн 400 тэрбум ам.доллар билээ.
Уг нийлүүлэлтийг хийн хоолойгоор дамжуулан хийх асуудал яригдахад манай улс өөрийн нутаг дэвсгэр дээгүүр явуулах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн байдаг. Манай хүсэлтийг БНХАУ дэмжих боломжтой гэсэн хариулт өгдөг ч хойд хөрш шийдтэй хариу өгдөггүй байв.
Манай улсын нутаг дэвсгэрээр хийн хоолой дамжсанаар ойролцоох суурин газруудыг цахилгаан эрчим хүч, дулаанаар хангах боломж бүрдэхээс гадна татварын өгөөжийн хувьд өндөр гэж үзэж буй юм. Өнгөрсөн зургадугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хийн хоолойг Монголын газар нутгаар дайран өнгөрүүлэх хүсэлтэй байгаагаа дахин уламжилсан байдаг.
Улмаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Монголын газар нутгаар хийн хоолой дамжих нь сайхан санаа” хэмээн цохон тэмдэглэснийг хэвлэлүүд онцолж байв. Энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “ОХУ-ын Ерөнхийлөгч Монголоор хийн хоолой тавьж болно. Манай улс дэмжинэ. Та нар судалгаагаа сайн хий” гэж хэлсэн хэмээн тодотгожээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин "Монголоор хийн хоолой дамжуулж болно" гэжээ |
|