ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комисс /ЗГХК/-ын Оросын хэсгийн дарга Алексей Васильевич Гордеев энэ сарын 28-30-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.
Монгол-Оросын ЗГХК-ын хуралдаанд оролцохоор ирсэн ноён А.В.Гордеев өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд, манай улсыг сайн мэддэг ноён Гордеевыг хоёр улсын ЗГХК-ын Оросын талыг даргалж байгаад олзуурхууштай буйгаа илэрхийлэв.
ОХУ-ын Ерөнхийлөгчийг Монгол Улсад айлчлах үеэр Халх гол сумыг бүтээн байгуулалт дууссан байна
Энэ жил Халхын голын ялалтын 80 жилийн түүхэн ой тохиож байгааг ОХУ-тай хамтран тэмдэглэх асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай ярилцсан талаар Монгол Улсын Ерөнхийлөгч дурдаад, 8 сая еврогийн хөрөнгө оруулалтаар Халх гол сумыг шинэчлэх ажил үргэлжилж байгаа талаар мэдээлэл өгөв. Мөн сум дундын бүтээн байгуулалтын хүрээнд зургаан га талбайд барилгын ажил үргэлжилж байгаа тул Халхын голын ялалтын ойг хамтран тэмдэглэх буюу ОХУ-ын Ерөнхийлөгчийг Монгол Улсад айлчлах үеэр бүтээн байгуулалтын ажил дууссан байна гэлээ.
Мөн Монгол Улсад Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэлсэнтэй холбогдуулан “Улаанбаатар төмөр зам”-ын таваарын тээвэр 20-30 сая тонноор нэмэгдэх урьдчилсан тооцоо гарсан талаар холбогдох судалгааг танилцуулав. Энэ нь төмөр замын одоогийн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зэргээр төмөр замын шинэчлэлийн асуудлыг зайлшгүй хөндөх учир хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай 2018 онд тус улсын Владивосток хотод уулзах үеэрээ дээрх асуудлыг ярилцаж, төмөр замыг шинэчлэх ТЭЗҮ-ийг боловсруулсан, 100 тэрбум рублийг ОХУ-аас олгуулахаар ойлголцолд хүрсэн талаар сануулж, энэ асуудалд анхаарал хандуулахыг хүслээ.
Ноён А.В.Гордеев Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалт эхэлсэн нь зууны бүтээн байгуулалт хэмээн баяр хүргэлээ. Мөн Улаанбаатар төмөр замыг шинэчлэх асуудлыг Монгол-Оросын Засгийн газар хооронд тусгайлан ярилцах зэргээр анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлсэн юм.
Мөн 100 тэрбум рублийг олгох асуудлаар ОХУ-ын тал хуралдаж, зээл олгох зарчмын шийдвэр гаргасан байна. Зээлийг ямар байдлаар олгох, юунд зарцуулах асуудлаар тодорхой шийдвэрт хүрээгүй байгаа ч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын үзэж буй шиг төмөр замын шинэчлэлийн ажилд зарцуулах боломжтой талаар ноён Гордеев танилцууллаа.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын төлөөлөгчдөд хандан Монгол-Оросын ЗГХК-ын хуралдаан үр дүнтэй болж, олон асуудал шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж, ажлын амжилт хүслээ.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба
ОХУ-аас Монгол Улсад 100 тэрбум рублийн зээл олгох зарчмын шийдвэр гаргажээ |
|