Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” энхийг дэмжих ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх цэргийн хамгаалалтын ротын 10-р ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн Зэвсэгт хүчний жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа өнөөдөр ЗХЖШ-ын жагсаалын талбайд боллоо.
Ёслолын ажиллагааны нээлтийн үеэр ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар “Манай энхийг сахиулагчид энэхүү ажиллагаанд үүрэг гүйцэтгэснээрээ Зэвсэгт хүчний энхийг сахиулах чадавхыг нэмэгдүүлэхээс гадна улс эх орныхоо аюулгүй байдлыг улс төр дипломатын аргаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, Монгол Улсаа дэлхий дахинд сурталчлан таниулах, улс төр, эдийн засаг, гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой. Түүнчлэн цэргийн багийн ажиллагааны өмнөх сургалт, бэлтгэлийг тухайн газар оронд үүсч болзошгүй цагийн байдалд ойртуулан, өдөр шөнө, байгаль, цаг уурын хүндрүүлсэн нөхцөлд хүн нэг бүрт ажиллагааны арга техникийг эзэмшүүлэн, тэдний үүрэг гүйцэтгэх сэтгэлзүйн бэлтгэлжилтийг дээшлүүлж цэргийн багийн жигдрэлтийг ханган зохион байгуулсан болно” гэдгийг онцлоод цэргийн багийн захирагч, дэд хурандаа Н.Цэцэнхүүд Монгол Улсын төрийн далбааг гардуулан өглөө.
Мөн ЗХЖШ-ын Ажиллагаа-удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг цэргийн багийн захирагч, дэд хурандаа Н.Цэцэнхүүд хадаг, мөнгөн аягатай идээг өргөн барьж, аян замын ерөөлийг билэгдсэн юм. Ёслолын ажиллагаанд ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар, ЗХЖШ, ХЗЦК, АЦК-ын удирдлага, бусад албаны хүмүүс болон цэргийн багийн бие бүрэлдэхүүн тэдний ар гэрийн төлөөлөл оролцлоо.
Энхийг сахиулах 10-р ээлжийн багийнхан жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ |
|