“Терроризмд турхирч буй хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд нийгмийг хандуулах нь” сэдэвт бага хуралд оролцож буй БНИУ-ын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны дэд сайд Гульелмо Пиккиг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 6 дугаар сарын 20-ны өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзсан байна.
Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжиж, худалдааны эргэлт сүүлийн 3 жилийн туршид өсч байгаад сэтгэл хангалуун байгаагаа сайд Д.Цогтбаатар илэрхийлж, цаашид худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэжээ.
Тухайлбал, Монголд үйлдвэрлэсэн арьс ширэн болон ноос, ноолууран бүтээгдэхүүнийг Италийн болон Европын Холбооны зах зээлд экспортлох, чингэхдээ монголын арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүнийг Итали загвартай хослуулах, арьс ширний үйлдвэрлэлд Европын стандартыг нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллах санал тавилаа.
Хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Монгол, Италийн бизнес уулзалтыг зохион байгуулах, хоёр талын аж ахуй эрхлэгчдийн хэлхээ холбоог нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой арга хэмжээ авахын чухлыг дэд сайд Г.Пикки илэрхийлж, энэ онд хуралдах Монгол, Италийн Засгийн газар хоорондын коммисс чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Соёлын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, 2020 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиохтой холбогдуулан соёлын хамтарсан цогц арга хэмжээ зохион байгуулах талаар сайд нар мөн санал солилцлоо.
Монголын арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүнийг Итали загвартай хослуулан экспортлох санал тавив |
|