Гадаад харилцааны сайд Н.Энхтайвангийн урилгаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео энэ сарын 7-нд Монгол Улсад айлчлахаар төлөвлөөд байсан билээ. Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эхнэрийн хамт коронавирусийн халдвар авч, тусгаарлалтад орсонтой холбоотойгоор Майк Помпеогийн манай улсад хийх айлчлалыг хойшлуулав.
Энэ талаар Гадаад харилцааны сайд Н.Энхтайван "Майк Помпеогийн Монгол Улсад хийх айлчлалын товыг дипломат шугамаар дахин ярилцана" гэв.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээр хийж, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид бараалхахаар төлөвлөж байв.
Өмнө нь айлчлалын талаар ГХЯ-ны Америк, Ойрх Дорнод, Африкийн газрын захирал Д.Гансүх мэдээлэл өгөхдөө “2019 онд Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчлах үеэр хоёр орон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон. Үүний өмнө 2018 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д айлчлахдаа Эдийн засгийн харилцааг өргөжүүлэх замын зураглал гэсэн баримт бичгийг баталсан. Уг зураглалд эрчим хүч, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи зэрэг олон салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар тохирсон. Энэ удаагийн айлчлалаар дээрх хоёр баримт бичгийг хэрэгжилтийг хангах асуудлыг хөндөж ярих төлөвлөгөөтэй байгаа. Түүнчлэн Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах, саарал ус дахин ашиглах үйлдвэр байгуулах Мянганы сорилтын корпорацийн 350 сая ам.долларын төслийн явц, АНУ-ын Олон улсын хөгжлийн байгууллагын төлөөлөгчийн газрыг Монгол Улсад дахин байгуулж, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төслийн тоог нэмэх талаар ярилцана” гэлээ.
Ц.Оргил
Н.Энхтайван: Майк Помпеогийн айлчлалын товыг дипломат шугамаар дахин ярилцана |
|