УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д. Ганбат БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг өнөөдөр хүлээн авч уулзав.
Уулзалтаар хоёр улсын зам, тээвэр болон хилийн боомтуудад үүсээд буй ачаа тээврийн хүндрэлийн талаар санал солилцлоо. Мөн төмөр замын ажлын явцын талаар, Эрээний хилийг ойрын хугацаанд нээж ачаа эргэлтийг хэвийн горимд оруулах боломжийн талаар УИХ-ын гишүүн Д.Ганбат тодрууллаа.
Хоёр улсын Засгийн газраас төмөр замын уулзварыг тогтоон баталсан тул энэ ажил ойрын 1-2 жилийн хугацаанд хэрэгжинэ. КОВИД-19-ийн улмаас Эрээн хотын боомт хаагдаад байгаа. Эрээн хотын нийт оршин суугчдаас таван удаагийн шинжилгээ авсан бөгөөд сүүлийн хоёр хоног шинэ тохиолдол илрээгүй. Мэргэжлийн байгууллагын зөвлөж буй хугацаанд шинэ тохиолдол илрэхгүй бол шат дараатайгаар нээх болно гэдгийг онцолсон юм.
БНХАУ-ын Коммунист нам Ардчилсан намтай олон жилийн турш хамтын ажиллагаатай байсаар ирсэн. Ардчилсан нам эв эеэ ололцож хүчтэй сөрөг хүчин байна гэдэгт итгэж байна. Манай намын хувьд Ардчилсан нам сонгуулийн үр дүнгээр эрх барих эсвэл сөрөг хүчин байхаас үл шалтгаалан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхэд үргэлж нээлттэй байх болно гэдгийг онцоллоо.
Эх сурвалж: Ардчилсан намын бүлэг
Цай Вэньруй: Мэргэжлийн байгууллагын зөвлөж буй хугацаанд шинэ тохиолдол илрэхгүй бол Эрээний хилийг нээнэ |
|