Оросын холбооны улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавров өнөөдөр Монгол Улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийв.
Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Монгол, Оросын хооронд дипломат харилцааны тогтоосны 100 жилийн ойг хоёр тал цар тахлын нөхцөл байдлыг үл харгалзан, 2021 онд ёслол төгөлдөр Улаанбаатар болон Москва хотуудад тэмдэглэж, энэ жил харилцааны шинэ зууныг эхлүүлж байна. Манай хоёр улс цар тахлын хүндрэл бэрхшээлийг хамтран даван туулж, харилцаагаа идэвхжүүлж байгаад бид баяртай байна. Монгол, Орос улсын хамтын ажиллагааг иж бүрэн стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу хоёр талын хүчин чармайлттайгаар урагшлуулах талаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой санал солилцлоо. Бидний харилцаа цар тахлын өмнөх байдалд эргэн орж, төмөр зам, агаарын харилцааг сэргээснээр иргэдийн харилцан зорчих урсгал болон худалдаа мэдэгдэхүйц нэмэгдэж байна.
Лавров сайдтай хийсэн өнгөрсөн жилийн хэлэлцээрийн үеэр өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалын үеэр тохиролцсон ажлуудын хэрэгжилтийг ярилцаж, дүгнэж, цаашдын хамтын ажиллагаа, томоохон төслүүдийн талаар санал солилцлоо. Түүнчлэн шийдлээ хүлээж буй олон жил яригдаж байгаа зарим асуудлын талаар ярилцаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвийг тодорхойллоо.
Монгол, Оросын харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх сонирхлоо хоёр тал тохиролцсон. Энэ хүрээнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, тэнцвэржүүлэх, хамтарсан төслүүдийн явцыг урагшлуулах, хоёр талын байгуулсан баримт бичгийн хэрэгжилтэд анхаарах талд санал нийлж ярилцлаа. Хоёр улсын бизнес эрхлэгчид идэвхтэй хамтран ажиллаж байгааг хэлэхэд таатай байна. Нэн ялангуяа Алтанбулаг, Цагааннуур чөлөөт бүсүүдэд ОХУ-аас хөрөнгө оруулах, хамтарсан үйлдвэр байгуулах, тээвэр логистикийн төвүүдийг бий болгоход ОХУ-тай хамтран ажиллах сонирхол манайд бий.
Лавров сайдтай хоёр улсын хэрэгжүүлж байгаа хамтарсан төслүүдийн талаар санал солилцсон. Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа ОХУ-аас БНХАУ руу байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ажлууд хуулийн дагуу хэвийн явагдаж байна. Мөн төмөр замаар манай улсын зүүн болон баруун хэсгээр хоёр хөрштэйгээ холбогдох коридоруудын асуудлыг хөндөж ярилцлаа.
Мөн УБТЗ ХНН-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төмөр замын техникийн шинэчлэлийг хэрэгжүүлэх зорилгоор тус нийгэмлэгийн дүрмийн санг ажил ахицтай байгаа" хэмээлээ.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров нар өнөөдөр хамтарсан мэдэгдэл хийлээ |
|