БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамнаас зохион байгуулсан “Бүс ба Зам” гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын удирдлагын олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зохицуулагчдын анхдугаар хурал”-д ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян цахимаар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал тэргүүтэй төлөөлөгчид биечлэн оролцлоо.
Хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ,Турк, Сири улсуудад үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын аврах багийн ажиллагааны талаар болон “Бүс ба зам” гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын менежментийн олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх механизмыг Монгол Улс дэмжиж, идэвхтэйгээр хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
Хуралд БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яам, Гадаад хэргийн яам, НҮБ-ын Суурин төлөөлөгч, Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны газар, Монгол, Пакистан, Өмнөд Африк, Саудын Араб, Алжир, Чили зэрэг 20 орчим улсын Элчин сайд болон олон улсын төлөөлөгчид оролцсноос гадна 51 улсын Онцгой байдлын байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөгчид цахимаар оролцлоо.
Энэхүү анхдугаар хурал нь гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын удирдлагын чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан итгэлцэл, нөхөрлөлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааны механизмыг бий болгох зорилгоор “Бүс ба Зам” санаачлагын хүрээнд зохион байгуулагдснаараа онцлог байлаа.
Онцгой байдлын менежментийн олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх механизмыг дэмжиж, ажиллахаа илэрхийлсэн юм |
|