Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи-гийн урилгаар 2023 оны гуравдугаар сарын 01-нээс 05-ны өдрүүдэд Япон Улсад албан ёсны айлчлал хийлээ.
Энэхүү айлчлалын зорилго нь Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Монгол Улс, Япон Улсын харилцааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэх, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоог бататгах, Парламент дахь найрамдлын бүлэг, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршиж байв.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи-тэй албан ёсны хэлэлцээ хийв.
Айлчлалын эхний өдөр (2023.03.02) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи-тэй албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний эхэнд талууд хоёр улсын харилцааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн түвшинд өргөжүүлэн хөгжүүлэхэд энэ удаагийн айлчлал өндөр ач холбогдолтойг дурдан, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоог улам бататгасан үйл явдал болохыг онцолсон юм.
Мөн өдөр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Ерөнхийлөгч А.Танака-г хүлээн авч уулзав. Уулзалтаар талууд өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд амжилттай болсныг цохон тэмдэглэж, тэр дундаа “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төсөл” нь Монголын жижиг, дунд үйлдвэрүүдэд ихээхэн дэм болоод зогсохгүй олон зуун ажлын байр шинээр бий болгож, амжилттай хэрэгжсэн болохыг санал нэгдэв.
Япон Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд “Хүн төвтэй” харилцааг бүхий л салбарт бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ
“Гуравдагч хөрш” Япон Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд Монгол Улс өндөр ач холбогдол өгч, “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт бэхжүүлэхийн төлөө байгаагаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода-тай албан ёсны хэлэлцээ хийх үеэр тодотгов.
Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нөлөөллөөс үүдэн зогсонги байсан хоёр талын иргэд хоорондын харилцаа сэргэж буйтай зэрэгцэн парламент хоорондын харилцааг бататгах энэхүү албан ёсны айлчлал зохион байгуулагдаж буйд туйлын баяртай байгаагаа Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода илэрхийлсэн юм.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-д бараалхлаа
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, гэргий Г.Отгонгэрэлийн хамт Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако нарт 2023 оны гуравдугаар сарын 03-ны өдөр Эзэн Хааны ордонд бараалхав. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-д бараалхаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, Эзэн Хаан Нарүхито болон Японы найрсаг ард түмэнд Монголын ард түмний халуун дотно мэндчилгээг уламжиллаа.
Хоёр орны найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-г дэмжин ажиллахыг хүслээ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-тай уулзлаа. Уулзалтын эхэнд Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган уулзаж байгаад талархал илэрхийлээд биечлэн уулзаж байгаадаа баяртай байна гэв. Тэрбээр, өнгөрсөн онд манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиосон. Бид Япон, Монголын харилцааг гүнзгийрүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, хагас зуун жилийн хамтын ажиллагааг дүгнэж, ирэх 50 жилд хөгжүүлэх хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлоход чухал ач холбогдол өгч байгааг онцлон тэмдэглэсэн юм.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалын үеэр Япон, Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн удирдлага болон бусад албаны хүмүүстэй хоёр талын уулзалтууд хийж, Монгол Улсын эдийн засгийн цаашдын хөгжилд гуравдагч хөрш Япон Улсын шууд хөрөнгө оруулалт, хоёр талын хувийн хэвшил, боловсролын байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал болохыг онцолж байлаа.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын Япон Улсад хийсэн албан ёсны айлчлал ийнхүү амжилттай өндөрлөлөө.
Япон Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд “Хүн төвтэй” харилцааг бүхий л салбарт бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ |
|